БӨХ

БӨХ
Монгол улсын эртний түүх соёл, ёс заншил, уламжлалт спорт болох эрийн гурван наадмын тухай олон улс орны уншигч нарт зориулсан танин мэдэхүйн онцгой ач холбогдол бүхий “БӨХ-МОНГОЛ ТУЛААНЫ УРЛАГ” хэмээх сайхан бүтээлийг Испани улсын нэрт зохиолч, түүх судлаач Альваро Бермехо болон Европ тивд нэр алдартай фото зураглаач Хосеба Урретавизкая нар хамтран бүтээж монгол, англи хэл дээр туурвисанд гүнээ талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье.
Дэлгэр сайхан зуны цагт ёслон тэмдэглэдэг улсын их баяр наадмыг маань үзэхээр гадаадын зочид, аялагчид олноороо ирдэг нь манай "Эрийн гурван наадам” шиг бүтэц, бүрдэлтэй, тэр хэрээрээ сонирхолтой цогц уралдаан тэмцээн бусад улс оронд байдаггүйтэй холбоотой байж болох билээ. Монгол наадмын төрлүүд нь хүнийг спортын талаас нь буюу бие бялдрын хувьд хөгжүүлэхийн хамт хүнд сэтгэл зүрх, оюун сэтгэлийн боловсрол олгох, ёс жудгийн эрхэм нандин чанарыг эзэмшүүлэх дэг сургууль болохыг ухаарч авна гэж гүнээ найднам.
Зөвхөн эрийн гурван наадмын тухай төдийгүй монголын бахархалт түүхийг Европын соёлт түмэнд энгийн бичлэг, дүрст бүтээлээр танилцуулсан зохиогч нарын мэргэн санааг хүндэтгэхийн хамт цаашдын уран бүтээлд өрнүүн их амжилт, аз жаргалын дээдийг хүсье.
Ном бүтээнэ гэдэг бол өөрийн танин мэдсэнээ бусдадаа хүртээх гэсэн ариун сэтгэлийн өргөл, бүх цаг үеийн туршид хамгийн үнэ цэнтэй хэвээр байгаа оюуны бүтээл гэдгийг монголчууд эртнээс нааш маш сайн ухаарсандаа өөрснөө торгоор дээл хийж өмсөхөөсөө өмнө ном-эрдэнээ торгоор баринтаглан, "ном дор мөргөмүү” хэмээн дээдэлж ирсэн уламжлалтай ард түмэн тул таны энэхүү сайхан номыг нийт уншигчид талархан хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.