Маш нууц Шуурга-01
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Монгол улсын гадаад аюулгүй байдал ч тийм сайнгүй байв. Зүүн хил дээр япончууд өдөөн хатгаж, баруун хилээр хасгийн дээрэмчид, хятадын гоминданы цэргүүд халдлага үйлдэж, нутгийн иргэдийг дээрэмдэж, улмаар хилийн цаана томоохон хүч хуримтлуулан зэвсэгт мөргөлдөөн, даамжирвал байлдаан болох нь тодорхой байв. Хятадын Шинжаан мужаас хөөгдсөн нэлээд тооны казах иргэд 1943 оны арван хоёрдугаар сард Монгол улсын хил хязгаарыг нэвтэрч, тус улсын нутагт амьдруулахыг хүссэнийг БНМАУ-ын Засгийн газар хүлээн авч зөвшөөрөл олгосон нь тус бүс нутагт улс төрийн нөхцөл байдал хүндрэх нэг шалтгаан болжээ.
БНМАУ-ын төр засаг нөхцөл байдлыг судлаад Хэнтий аймгийн Өндөрхаанд байсан МАХЦ-ийн Зургаадугаар морин бригадыг баруун хилрүү яаралтай шилжүүлэн байрлуулах шийдвэр гаргаснаар 2000 цэрэг, 3000 агт, олон жижиг ангиас бүрдсэн тус бригад хорьдугаар зууны Монголын түүхэнд байгаагүй нүсэр марш зохион байгуулсан билээ.
1944 оны мичин жилийн зуднаар цаг бусын хохирол ихээр үзэн байж болзошгүй дайны аюулыг зайлуулсан эдгээр баатарлаг хөвгүүдийн түүхэн гавьяа нэхэн дурсах хүнгүйгээр эзэнгүйлэн мартагдахад хүрээд байв.
Гэвч мартагдах учиргүй түүх гэдэг үнэхээр л мартагддаггүй аж. Армийн хурандаа, зохиолч Ч.Баатар энэхүү морин бригадын түүхийн улбаагаар мөшгөн судалж, амьд гэрчүүдийн бичиж үлдээсэн дурсамж, ардын дунд үлдэж хоцорсон аман түүх, архивын баримт зэргийг эрэн хайж, зандлан шинжилж, нэгтгэн дүгнэсний үндсэн дээр эл түүхийг сэргээн босгож, баримтат уран сайхны зохиол бичсэн нь энэхүү роман болой.