The art of dorjoo: Өөрөө өөртөө гэрэл бол
‘’Өөрөө өөртөө гэрэл бол’’ гэж бурхан багшийн сүүлийн захиасаар анхны үзэсгэлэнгээ нэрлэсэн
энэхүү сургаал өнөөгийн бидний амьдралд ч утга төгөлдөр хэвээр.
“Буддаг биеэ орхихынх нь өмнө шадар шавь Ананд нь түүний хөлд сөхөрч уйлжээ.
Будда “Ананд аа, уйлах хэрэг юу байна” гэхэд тэр бээр “Та биднийг орхин одох гэж байна. Би таныг
40 жил сүүдэр мэт дагасан ч гэгээрч амжсангүй. Гэрэл гэгээ, итгэл найдвар болсон таныгаа одохоор
би эргээд л түнэр харанхуйд унах нь” гэжээ. Хариуд нь будда инээмсэглээд, “Санаа зоволтгүй ээ,
би чиний гэрэл гэгээ биш, гэрэл чамд өөрт чинь байгаа. ‘’Өөрөө өөртөө гэрэл бол” гэж хэлсэн тухай
Агнистын гэгээ цувралд бий.
Үнэхээр хүн гэдэг өөрөө өөртөө гэрэл гэгээ, аз жаргал, алив сайхан бүхэн нь гэдгийг бид дотоод
ертөнцөө чимээлж л олох боломжтой бөгөөд гаднаас мянгантаа эрээд хэрэггүй аж. Хүн өөрийн
сэтгэлийн урсгалыг хэдий чинээ зөв залж чадна төдий хэрээр аз жаргалаа олно.
Амьдрал өөрөө зорилго биш, харин зорилгыг таних боломж юм. Амьдралын утга өнгөн гадарт нь
байхгүй, дотоод гүнд нь бий гэдгийг санаж уран бүтээлээ буддын шашны сургаал, агуулгатай холбон
бүтээхийг хичээлээ. Их хотын завгүй амьдрал дунд хэсэг ч болов өөрийн сэтгэлийн амар амгаланг
эргэцүүлэн бодож, үндэсний өв соёл, уламжлалаа дахин нэг мэдрээрэй.
Хоёр хүн шөнө алхаж явжээ. Нэг нь дэнлүүтэй, нөгөөх нь хамт яваа хүнийхээ дэнлүүнд шүтэж байв.
Гэтэл салаа замын уулзварт дэнлүүтэй аянчин замаа хөөв. Гэнэт гэрэл гэгээгүй болсон нөгөө аянчин
“Дэнлүү авч гарах минь яалаа! Өрөөлийн дэнлүүг өөрийн юм шиг эндүүрч явжээ, би…” хэмээн гаслан
уйлжээ.
ТИЙМЭЭС ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛОГТУН! Өөрийгөө таньж мэдэх тусам хүн ухаарал, бясалгал,
гэгээрэлд тэмүүлдэг ажээ.