Билли Коллинс Шүлгүүд
Орчин цагийн яруу найргийн ертөнцөд хэн нь ч Билли Коллинс (1941) шиг олонд танигдаагүй, түүнийх шиг хэмжээний алдар нэрийн оргилд хүрээгүй гэхэд хилсдэхгүй. Түүний оролцох яруу найргийн уншлагын тасалбар хэдэн мянгаараа зарагдаж, хэвлэлийн газрууд шинээр хэвлэгдэх түүвэрт нь зургаан оронтой тоогоор хэмжигдэх урьдчилгаа өгдөг байсан нь саяхан. Өдгөө 80 хэдийнээ гарсан ч долоо хоног бүр цахимаар уншлага хийхэд нь хэдэн арван мянган хүн түүнийг шууд сонсдог нь хэвээрээ байна. Хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сард хэвлэгдсэн “Water, Water” нэртэй шинэхэн түүвэр нь гэхэд л тэр дороо бестселлер болно лээ.
“Америкийн хамгийн алдартай яруу найрагч” маань 1977 оноос хойш “Португалын бороо”, “Зорилгогүй хайр”, “Үхэгсдийн зурхай”, “Баллистикууд”, “Живэхүйн урлаг”, “Парисыг гайхшируулсан алим” зэрэг нийт 15 түүвэр хэвлүүлжээ. Мөн “Яруу найраг руу буцах нь: Шилмэл 180 шүлэг”, “Өдөр тутам унших 180 онцгой шүлэг”, “Жигүүртэн шувуудын тухай шүлэг: Зурагт антолог”, “Хөдөлгөөнт найраг буюу автобус, метронд унших шүлгүүд” зэрэг хэд хэдэн эмхэтгэлийн редактораар ажилласан байна. 2001-2003 онд АНУ-ын Үндэсний найрагч, 2004-2006 онд төрөлх муж Нью-Йоркийнхоо Мужийн найрагчаар сонгогдон ажиллаж байсан Коллинс яруу найргийн төрлөөр Америкийн бараг хамаг л том шагнал, өргөмжлөлийг хүртсэн юм. Тэдгээрээс нэгэн онцгой шагнал анхаарал татна: Марк Твений нэрэмжит Яруу найраг дахь хошин өнгө аясыг хөгжүүлсний төлөөх шагнал (Mark Twain Award for Humor in Poetry). Коллинсын шүлгүүд үнэхээр ч егөө хошигнол, хурц хоржооноор дүүрэн. Тэр нь ихэвчлэн өдөр тутмын аар саархан юмсыг ажигласан төдий тэмдэглэл, маш энгийн харилцан яриа шиг уншигдана. Заримдаа зөвхөн уншиж, бичих талаар л уртаас урт алиа марзан яриа хөөрөө дэлгэсэн байх. Гэхдээ булан тохойг нь тойрмогц л этгээд нарийн, эмзэг зөөлөн, гол нь жинхэнэ яруу уур амьсгал, шид увдис руу хөтлөөд явчихна.
Шүлэг гэдэг ердөө гуниг гутрал, эсвэл шаналант гацаа биш; харин өндөр дээд боловсрол, хурц түргэн ухаан, айхавтар мэдрэг совин, ёжлолын хүч бөгөөд нөлөө болохыг Коллинс сайн мэднэ. Тэгээд л биднийг тэр “Шүлэг дотор хулгана тавиад сүлжин сүлжсээр замаа олон” буцаад гараад явахыг нь сайн хар, ажигла хэмээн зөвлөж байна.
Бид энэ түүвэртээ түүний өөрөө сонгож, 1997 онд өөрийн дуу хоолойгоор бичүүлэн олны хүртээл болгосон “Хамгийн сайхан янжуур” нэртэй хуурцагт багтсан шүлгүүдээс нь болон уншлага бүрдээ чухалчлан шигтгэдэг алдартай бүтээлүүдийг нь багтаахыг зорилоо. Шилмэл, шилдэг гэгдэхгүй байлаа ч энэ 44 шүлэг түүнийг танд хангалттай сайн таниулаад өгнө хэмээн найдна.