Тэс үүлдэрийн адуу

Тэс үүлдэрийн адуу
Тэсийн голын сав дагуу үржүүлж байгаа Тэс адууг шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэг, селекцийн ажлыг 1973 оноос эхлэн хийж ирсэнээс хойш 2019 оны 11 сарын 29-нд Тэс үүлдрийн адуу хэмээн батлагдлаа. Энэхүү адууны үржүүлэг, селекцийн ажлыг удирдан гүйцэтгэсэн дүн, түүний генетик судалгаа болон ашиг шим, хурдны зэрэг судалгааг нэгтгэн гаргасан бүтээл юм. Тэс үүлдрийн адууны үүлдрийн тодорхойлолтыг үндэслэн мэргэжлийн шинжээчдийн баг 2 удаа ажиллан санал, дүгнэлтээ гаргасныг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлөөр 2019.11.21-нд хэлэлцэн дэмжсэнийг тус сайдын 2019.11.29-ний А-444 дугаар тушаалаар баталгаажуулсан юм. Ингэснээр Монгол Улсад 3 үүлдрийн адуу үржиж байгаагийн нэг нь Тэс үүлдрийн адуу болж байна. Иймд энэхүү судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэн, Тэс адууны тодорхойлолтоо олон нийтийн хүртээл болгох, залуу судлаач, эрдэмтэд, оюутан залуус, малчид, уяачиддаа зориулан “Тэс үүлдрийн адуу” бүтээл болгон хэвлэн гаргаж байна. Энэхүү бүтээлд адуу судлалын эрдэмтэн Т.Сайполда санал, шүүмж өгсөн болно. Мөн малчид ард иргэдийн санал, сэтгэгдэл, Тэс адууны домог, түүхээс дурдан тусгасан болно.