Монголын философичдын VIII симпозиум
Нийгмийн философийн ихэнх урсгал, чиглэлд аливаа нийгмийг тодорхой бүтэц, бүрэлдэхүүн хийгээд зохион байгуулалтын хэв маягаар авч үзсэн байдаг. Энэ зохиолд ч уламжлалт монгол нийгмийн бүтэц, бүрэлдэхүүн хийгээд зохион байгуулалтын хэв маягийг тусгайлан авч үзсэн болно. Монголын нийгмийн туулсан түүхийг үндсэн үе шатуудаар нь тодорхой бүтэц, зохион байгуулалтын хэв маягаар нь нийгмийн философийн үүднээс нарийвчлан шинжилсэн судалгааны ажил харьцангуй ховор байдаг. Энэ байдлыг харгалзан авч үзээд зохиогч аливаа нийгмийн бүтэц бүрэлдэхүүн болоод зохион байгуулалтын хэлбэр нь түүхэн шинжтэй байдгийг иш үндэс болгон эхлээд монгол нийгмийн туулсан түүхийн үе шатуудыг тодорхойлов.