Түшээт хан аймгийн бэйс Балжинням
Балжинням Бэйс бол Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн тамгыг бүтээлцсэн нэгэн. Балжинням бэйс нь Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын үед төрийн хэрэгт оролцож, Дотоод яаманд бичээч ажиллаж, Баруун хязгаарын илбэн тохинуулах сайдад да лам Цэрэнчимэд томилогдоход бичээчийн албанд тохоогдож дагалдан явсан байдаг. Онцлон хэлүүштэй зүйл бол Богд хаан, Дондогдулам нарын тамганы үсгийг бичсэн хүн юм. Хосгүй сайхан бичдэг, бичиг соёлын өндөр боловсролтой нэгэн байсан нь холбогдох түүхийн баримтуудаас үзэхэд ажиглагддаг. Бас 1921 онд Хятадын гамин цэрэг, Барон Унгерний цэргийн түрэмгийлэгчдийг үлдэн гаргахад амь биеэ хайрлахгүй зүтгэсэн эх орончдын нэгэнд зүй ёсоор тооцогдох хүн мөн юм. Балжинням бэйсийн эцэг Аюуш нь Батмөнх даян сэцэн хааны угсааны хүн юм. Тэгэхээр алтан ургийн хүн болж байна. Тэр 1893 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны “Чандмань цагаан хад” (одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сум нутаг) гэдэг газар тайж Аюушийн гуравдугаар болж мэндэлсэн байна. Эцэг Аюуш нь 1920-оод оны эхээр одоогийн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт мал маллах ажил эрхэлж байсан мэдээ бий. Балжинням бол хар залуугаасаа эхлээд төрийн хэрэгт зүтгэж яваад, 1930 оноос нутагт ирж, Дорноговь аймгийг байгуулах ажилд оролцсон юм билээ.