Авьяас үгүй!: Төрөлхийн авьяасгүй ч мөрөөдөл өөдөө тэмүүлж яваа хүн бүрд зориулав
Амжилттай яваа хэн нэгнийг хараад “Сурагч байхдаа онц сурдаггүй л байсан даа” гэж бодож байсан уу? Их сургуулиа дундаас нь орхисон хүнтэй харьцуулахад ажил, амьдралдаа байр сууриа хараахан олоогүй яваа улаан дипломтой хүнийг мэдэх үү? Багадаа бусдаас онцгой, гоц авьяастай гэгдэж байсан хүүхэд том болоод бусдын бодсон шиг том амжилтад хүрээгүй байхыг харж байсан л биз дээ?
Эдгээр жишээнээс авьяас гэх зүйл дангаараа амжилтын баталгаа болдоггүйг, сургууль амьдралд бүрэн бэлтгэж чаддаггүй гэдгийг бэлхэн харж болно. Тэгвэл амьдралд ямар ур чадвар, дадал зуршил, үзэл бодолтой байх ёстой вэ? Энэхүү асуултад миний бие өөрийн амьдралаас ойлгож, мэдсэн зүйлсээрээ дамжуулан хариулахыг зорилоо. Номд багтсан зөвлөгөөнүүд ямар нэгэн мэргэжил эсвэл төрөлхийн авьяас шаардахгүй. Эдгээр зөвлөгөөг нас, хүйс, ажил мэргэжлээс үл хамааран хүн бүхэн өнөөдрөөс хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэж болох юм.
Ном бичихийн тулд зохиогч өөрөө ном байх ёстой гэх үг бий. Тайлбарлавал, хаа нэгтэйгээс уншсан, сонссон, судалсан зүйлээ нийлүүлээд бичихээс илүүтэйгээр өөрийн биеэр туулсан, ойлгосон, мэдэрсэн бодит туршлагаа бичих нь уншигчдад илүү үр дүнтэй гэсэн үг. Ирээдүй өөд тэмүүлж буй хүн бүрд зориулсан уг ном 18 сэдвээс бүрдэх бөгөөд сэдэв бүр миний өөрийн түүх, тэрхүү түүхээс авах сургамж, уншигч өөрөөсөө асуух асуулт, хэрэгжүүлж үзэх бодит үйлдлүүдийг багтаасан.
Бид аз жаргалтай, амар тайван, утга учиртай амьдрахын тулд заавал бусдаас онцгой, төрөлхийн авьяастай байх албагүй. Энд дурдсан ур чадвар, дадал зуршил, үзэл бодлыг өөрийн болгосноор хүссэн бүх зүйлдээ хүрэх боломжтой гэдгийг хувийн туршлагаасаа батлан хэлэх байна.
П.НАРАНБАЯР, Шинэ Монгол сургуулийн захирал асан, НИТХ-ын төлөөлөгч
Төрөлхийн өгөгдлөөс илүүтэй хичээл зүтгэл, мэдлэг боловсрол, ур чадварынхаа ачаар ямар ч хүн амжилтын оргилд хүрч болдог. Энэ ойлголтыг өөрийн туулсан бодит түүхтэй уялдуулан сонирхолтой хэлбэрээр түгээсэн сайн бүтээл болсон байна.
Г.БАТ-ЭРДЭНЭ, MongolHD телевизийн гүйцэтгэх захирал, Энтрепренер
Технологи маш хурдацтай хөгжиж, бизнесийн ертөнц хором бүрд хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед зөвхөн онц дүнтэй, улаан дипломтой төгссөн мэргэжилтнүүд хангалтгүй болсон. Орчин цагийн залууст шаардагдах шинэ хандлага, зөөлөн ур чадваруудын талаарх ойлголтыг хүргэж байгаа В.Баярсайханы ном залууст маш өгөөжтэй хөрөнгө оруулалт болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан, Оксфорд төгсөгч
Цаг өөр болсон. Салхи эргэсэн. Шинэ үеийн манлайлал Монгол улсын хөгжилд юу юунаас илүү үгүйлэгдэж байна. Тэр шинэ үеийнхний онцлог чанар, өрсөлдөх чадвар, ялгарах хандлага ямар байх ёстойг энэхүү номоороо дамжуулан хүргэжээ. Олон залуус уншиж дэлхийн иргэн болох замаа дөтлөөсэй гэж хүсэж байна.
Д.ХУЛАН, Lhamour брэндийн үүсгэн байгуулагч, Энтрепренер
Монгол залуус дэлхийн шилдэг сургуулиудад төвөггүй элсэж, шилдэг компаниудад орж чаддаг болсон. Харин одоо бидний мөрөөдөл бол дэлхийд үнэлэгдэх монгол компанийг бий болгох. Миний мөрөөдөл, Lhamour брэндийн алсын хараа ч үүнд чиглэж байна. В.Баярсайхан маань мөн энэ мөрөөдлөө бүтээх аяллынхаа туршид алдаж оносон, сурч мэдсэн туршлагаа залуустайгаа хуваалцсан маш өгөөжтэй ном туурвижээ.