Юкогийн амттаны ном
Номын зохиогч, япон улсын ахлах тогооч Сүзүки Юко “Амттан хийх үед гэр анхилам сайхан үнэрээр дүүрч, хүмүүсийн сэтгэл баясдаг. Амтлах үедээ нүүр дүүрэн инээмсэглэдэг гээч. Тэгэхээр амттан аз жаргал бэлэглэж, дурсамж бүтээдэг юм аа” хэмээн хуваалцсан юм.
Аз жаргал авчирч, сэтгэл сэргээдэг амттаныг өөрийн гараар чанартай орцоор урлаж, хайртай хүмүүстэйгээ сайхан дурсамж бүтээгээрэй.
Сайн мэдэхгүй орцтой амттан идэх үү, өөрийн гараар урласан нь дээр үү? Номын эхний хэсэгт амттаны чухал орц найрлагын талаар тайлбарлаж, сонгох, хэрэглэх аргыг дурджээ. Гурил, элсэн чихэр, цөцгийн тос, сүүн крем сонгохоос гадна өндөгний цагааныг хөөсрүүлэх, хушга, бүйлс самрыг шарах зэрэг үндсэн мэдлэгийг эзэмшээрэй.
Хурдтай өсөн торниж буй хүүхдийн амттан идэх хүслийг хангахуйц шим тэжээллэг жоруудтай. Өндөг сүү болон хулууны пуддинг эсвэл цэвэр жимсний шүүсээр цэлцгэнүүр хийх ямар амархан гээч.
Монголчуудын идэх дуртай чийзкейк, шоколадтай бялууг өөрийн амтны мэдрэмжид тааруулан хэдэн янзаар хийж сурч төрсөн өдөр, шинэ жилийн баярын ширээгээ засахын зэрэгцээ цайны амттай шиффон бялуу, гадил жимсний анхилам үнэртэй кейк зэрэг шинэ жор туршаарай.
Хуурай уур амьсгалтай монголд жигнэмэг хийхэд урамтай тухай Юко тогооч маань олзуурхдаг. Францын сонгодог жигнэмгүүдийг төрөл төрлөөр нь хийж сураад хүмүүсийг дайлж эсвэл бэлэглэж болно.