Тайзны тоглогч: Дэлхийг доргиож, Володимир Зеленскийг удирдагч болгосон халдлагын бодит түүх

Тайзны тоглогч: Дэлхийг доргиож, Володимир Зеленскийг удирдагч болгосон халдлагын бодит түүх
"Тайм" сэтгүүлийн сурвалжлагч Саймон Шустер хошин шогийн тоглолтын тайзны араас Украины Оростой хийж буй дайны шавар нуувч хүртэлх Володимир Зеленскийн амьдрал, манлайллын түүхийг өгүүлжээ. Дөрвөн жилийн турш үргэлжилсэн сурвалжилга; ерөнхийлөгч Зеленскийтэй хамт фронт руу хийсэн айлчлал; түүнтэй хийсэн ярилцлагууд, мөн түүний эхнэр, найз нөхдөөр зогсохгүй дайснууд, зөвлөхүүд, сайд нар, армийн удирдлагуудтай хийсэн ярилцлагаараа дамжуулан Шустер хошин шогчоос эсэргүүцэл тэмцлийн бэлгэ тэмдэг болсон ерөнхийлөгчийн хувьсал өөрчлөлтийн түүхийг танд дэргэд нь буй мэтээр өгүүлнэ.
Өнөөг хүртэлх дайны талаар хамгийн илэн далангүй тайлбар гэж болох энэ номд Зеленскийн ойр дотнын хүмүүс ерөнхийлөгчийн зан чанар удирдагч хүний мэдэрдэг дарамт, өдөр бүр гэрчилж буй аймшигт явдлуудын улмаас тэрээр хэрхэн өөрчлөгдсөнийг ч тодорхой хүүрнэжээ. Түүний эхнэр, тэргүүн хатагтай Олена Зеленска хүүхдүүдийн хамтаар Киевээс оргон зугтсан үеийн амьдралаа, мөн ерөнхийлөгчийн захиргаанд утга учир бүхий үүрэг гүйцэтгэхийг оролдох явцад нь гэр бүлд нь ямар бэрхшээл тулгарсныг өгүүлсэн бол Украины цэргийн дээд командлагч, генерал Валерий Залужний ерөнхийлөгч тэр хоёрын харилцаанд яагаад ан цав суусан, ямар үр дагаварт хүргэсэн талаар урьд нь яригдаагүй түүхийг ярьж өгсөн аж.
Зеленский болон түүний ахлах туслахууд Оросын халдлагын шалтгаан, үүнээс хэрхэн зайлсхийж болох байсан талаар өөрсдийн гаргасан чухал шийдвэр, харамсал гунигаа уудалжээ. Тэд Владимир Путинтэй хийсэн энхийн хэлэлцээ хэрхэн бүтэлгүйтсэн, Доналд Трамп болон Жо Байден нарын аль алины үед АНУ-д үзүүлэх итгэл нь хэрхэн сөхөрсөн талаар гайхмаар шударгаар дүрсэлжээ.
"Тайзны тоглогч"-ийг халдлагын үеэр Зеленскийн үзэж туулсан бүхний анхны дэлгэрэнгүй тайлбар гэж үзэж болох юм. Халдлагад бэлтгээгүй байсныхаа горыг амссан тэрээр дайны байдлын хуулиар шүүмжлэл, эсэргүүцлийг хэрхэн дарахыг оролдсон нь эндээс тодорхой харагдана. Өөрийг нь энэ хорвоод мэндлэхээс өмнө хэдэн үеийн тэртээ эхэлсэн түүхэн дарангуйллын мөчлөгийг таслан зогсоохыг хичээж буй хүн гэж өөрийгөө харж буй түүний ээдрээтэй байр байдлыг ний нуугүй хүүрнэнэ. Дайн сунжирсаар байгаа ч Зеленский ирээдүйг нь өөрийнхөөрөө зураглан харж, үйл хэргээрээ оросуудыг сөрөн тэмцэх, өрнийн орнуудыг өөрийн талд байлгах стратегиа толилуулж буй.
"Тайзны тоглогч" болбоос манай эрин үеийн нэгэн түүх болж буй эл дайныг өөрийн нүдээр гэрчлэгчийн хувиар бичсэн нь сэтгүүл зүйн сайн бүтээл болохын хувьд уншигчдад чухал харах өнцгийг нээжээ. Дайны гол бай болно гэж хэний ч санаанд ороогүй баатар юу үзэж туулсныг сэтгэл хөдлөм, тод томруун дүрсэлсэн болой.