Монголын товч түүх
Монголын товч түүх
“ Манай баатарлаг ард түмэн бат нэгтгэлтэй бөгөөд зөв удирдлагатай байваас хэзээ ямагт өөрийн эрх чөлөөт тусгаар тогтнолоо хэнд ч алдахгүй батлан хамгаалан ирсэн түүхтэй ба одоо ч хамгаалж буй бөгөөд хойшид хамгаалж чадах бүрэн нөхцөл бүхийг үүгээр нотолж тэмдэглэвээс зүйтэй санагдмуй. Л.Дэндэв.
“Монголын товч түүх” зохиол нь ХХ зууны Монголын түүхийн чухал үе болох 1900-1921 онд Монголын талаар явуулж байсан Манж, Орос, Хятадын бодлого, түүнийг монголчууд хэрхэн хүлээн авч байсан болон тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө олохын тулд хэрхэн тэмцэн зүтгэсэн улмаар Орос, Хятадууд Монголыг яаж хэмлэн хуваасан гашуун үнэнийг маш ховор баримт, материалд тулгуурлан баяжуулан бичсэн байна. Л.Дэндэв (1925-1930 онд Шүүх яамны сайд, 1932-1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, түүхч, Манжийн үеийн Монголын түүх судлалыг үндэслэгч)-ийн намтрын товчоон, бүтээлийн бүрэн цэс, холбогдох архивын баримтууд, гэрэл зураг болон энэхүү зохиолд өгсөн архивын баримтын тайлбар сэлт нь өмнө нь хийгдээгүй өргөн хүрээг хамарч байгаагаараа уншигч та бүхний сонирхлыг татах нь дамжиггүй юм.