Шаравын Чоймаа бүтээлийн чуулган 5 боть
Шаравын Чоймаа бүтээлийн чуулган 5 боть
Монгол Улсын Ардын багш, төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шаравын Чоймаа эх хэл, үндэсний бичиг соёл, монголчуудын судар номын өв, уламжлалт мэдлэг ухааныг судлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд насан турхруу бие, хэл, сэтгэлээ чилээсэн эрхэм хүмүүн билээ. Их багштаны бүтээн туурвисан бүхнийг хураан эмхэтгэж гаргавал хэдэн арван боть болохын учир энэ удаа дангаараа бичсэн судалгаа, сурталчилгааны ном зохиолыг таван ботиор эмхэтгэн толилуулж байна.
Харин хамтын бүтээл, сурах бичиг, гарын авлага, хөрвүүлэг, сонин сэтгүүлд өгсөн ярилцлага, уг эх нь хараахан олдоогүй эрдэм шинжилгээний хурлын илтгэл зэрэг нь уг эмхэтгэлд ороогүй болно.
Энэхүү эмхэтгэлд орсон сурвалж судлалын нэг сэдэвт бүтээлүүд, олон салбарт хамаарах өгүүллүүдээс гадна эх хэл, түүхээ эрхэмлэгч өргөн олонд зориулсан “Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал” 30 боть (хожим 33 боть болгож нэмсэн), “Арван долдугаар зууны монгол түүхэн сурвалжийн тулгуур эхүүд” 5 боть, “Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, “Монгол бичгийн хэлний тонгоруу толь бичиг”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол хүний нэрийн толь” тэргүүтэй олон ном товхимол, толь бичиг, хамтын бүтээлийг судлаачид, шавь нарын хамт хэвлүүлсэн билээ.
Бүтээлийн чуулганы тэргүүн ботид "Монголын нууц товчоон" болон Чингис хаан судлалын бүтээлүүдийг нь багтаав. Багштаны энэ чиглэлд хамаарах бүтээлүүд монгол түүхэн сурвалжийг гүнзгийрүүлэн судлахад чухал хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй. Тэр бээр монголчуудын оюуны гайхамшигт өв болсон "Монголын эрхэмлэн нууц дээдэлж, товчоон"-ыг судлан дэлгэрүүлэхийг бүх нийтэд уриалж, бодлогын баримт бичиг боловсруулах, анхны уйгуржин монгол эхийг тэнхрүүлэн сэргээх, эрдэнэсээр үйлдсэн хосгүй эхийг бүтээж төрийн ордонд залах, дэлгэрэнгүй тайлбартай хувилбарыг туурвих зэрэг олон чухаг үйлсэд идэвх санаачилга гарган оройлон оролцсон билээ.
Бүтээлийн чуулганы дэд ботид орсон "Хаадын үндсэн хураангуй алтан товч”-ийн судалгаа нь өнөө хэр тус сурвалжийн талаар гарсан хамгийн дорвитой бүрэн судалгаа юм. Үүнд: Хураангуй алтан товчийн монгол түүхийн сурвалжид эзлэх байрыг үнэлж, судалсан тоймыг гаргах, өмнө олдсон гурван эхийг шинээр олдсон хулсан үзгийн эхтэй харьцуулан эх тус бүрийн онцлогийг шин тодруулах, сурвалжийн зохиогдсон он цаг хийгээд ашигласан Эх хэрэглэгдэхүүнийг тодлох, шинэ эхийн үсэг зүй, хэл зүй, үгийн сангийн онцлогийг шинжлэх, галиглаж хөрвүүлэх, үг хэллэгийг тайлбарлах, үгийн хэлхээ үйлдэн эхийн гэрэл зургийг хавсаргаж иж бүрэн судалгаа хийжээ.
Бүтээлийн чуулганы гутгаар ботид “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа" хэмээх судалгаа болон Лу. Алтан товчийн хөрвүүлэг, тайлбарыг нь оруулав. Тэр бээр дурдсан хоёр сурвалжийг эх бичиг судлалын үүднээс харьцуулан судалж, “Монголын нууц товчоон”-ыг ханзаар галиглагч хийгээд Лувсанданзан нарын аль алиных нь гарт уйгуржин монгол бичгээр бичсэн эх байсныг эргэлзээгүй нотолсон байна. Зохиогчийн зорьж байсанчлан энэ бүтээл “Монголын нууц товчоон"-ы анхны уйгуржин монгол эхийг сэргээн тэнхрүүлэх нөр их ажилд чухал арга зам болж, Монголын түүх бичлэгийн уламжлал, тэдгээрийн харилцан нөлөөлөл, залгамж холбоо, монгол хэлний түүхэн хөгжил, үг хэллэгийн утгын түүхэн хувьсал зэргийг судлан шинжлэгч, сонирхон суралцагч нарын хөтөч болжээ. 2006 онд “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа", "Хаадын үндсэн хураангуй алтан товч” хэмээх хоймсон бүтээлээр нь профессор Ш.Чоймаад “Монгол Улсын Төрийн шагнал” олгосон билээ.
Бүтээлийн чуулганы дөтгөөр ботид “Монгол хэл, бичиг, сурвалж судлал"-д хамаарах өгүүллүүд багтсан болно. Эх хэлнийхээ дархлааг бэхжүүлэх, бүх нийтэд үндэсний бичгээ сургаж эзэмшүүлэх нь багшийн маань чин хүсэл байв. Тэр бээр Монгол Улсад сурвалж судлалыг хөгжүүлэх, гадаад Дотоодын монгол судлаачдыг бэлтгэхэд чармайн зүтгэж, МУИС-д Эх бичиг судлалын салбарыг нээхийн зэрэгцээ олон арван шавь нараа сурган хүмүүжүүлсэн юм.
Бүтээлийн чуулганы тавдугаар ботид “Монголын уламжлалт мэдлэг, шашин, соёл судлал"-ын талаар бичсэн судалгаа болон өгүүллүүдийг сурталчилгааны нийтлэв. Эл ботийн агуулга бүхэлдээ зохиогчийн “Бид хийгээд бидний хойчис хүн болсон байх төдийгүй жинхэнэ монгол хүн байх учиртай. Энэ нь Монгол үндэстэн, Монгол Улс оршин тогтнохын язгуур үндэс юм" гэсэн эгээрэл, баримтлалыг нь илтгэх ажээ. Тухайлбал, залуус, хойч үед хандан дотоод сэтгэлийг ариусган зөв хүн байх, өвөг Дээдсээс уламжилсан ёс заншлаа эрхэмлэн өвлөх, эх хэл, үндэсний бичгээ төгс сайн эзэмших, шашин соёлоо дээдлэн хүндэтгэх, үндэснийхээ эрх ашгийг эн тэргүүнд талбих тэргүүтнийг тайлбарлан ухааруулж, захиж сануулсан буюу.
