Stories from The wilderness: Mongolia & Beyond
Амьд байгалийн өвийг дээд эрдэнэс хэмээн шүтэн биширч, хайрлан хамгаалж ирсэн  буурал уламжлал , соёл, зан заншлын улбаа монголчуудын  хувьд аль эртнээс бий. Гэвч энэхүү улбаа эдүгээ , баларч тасрах аюулд учраад буй нь харамсалтай. 
Амьтан ба жигүүртэн бүр хэлтэй, зан араншинтайг дурдах нь илүүц буй заа. Тэд дурлаж , хосолж, үр удмаа төрүүлж , тэднийхээ гарыг нь ганзаганд  , хөлийг нь дөрөөнд хүргэхийн тулд амаргүй зам туулдаг. 
Бурхан тэднийг урлан бүтээж, энэ ертөнцөд эзлэх орон зай , амьдрах н.утаг нуга, гол мөрөн, нуур, тэнгис заяажээ. Гэвч орчин цагийн хөгжил дэвшил , дэлхийн дулаарал халуурал, хүмүүний ховдог шуналын уршиг, техник , малын хөлд амьтан , шувуудын амьдрах орчин сүйрсэр байна. Үүнээс улбаалж хөхөө донгодох , гургалдай дуулах, буга урамдах, чоно улих , арслан архирах хүртэл нь цөөрч , шувууд бүжих , дэвэхдээ ч эмээж түгших цаг иржээ. 
Тийм учраас амьтад, шувуудын зовлон зүдгүүрийг хуваалцахыг эс хүсвэл homo sapiens өөрөө мөхнө. Монголд хонь , ямааг чоно зооглоход харамсаж эмгэнэдэг мөртөө янгир , аргаль буудаж хүртэхдээ нууцхан баясдаг нь хоржоонтой. 
Гэтэл Кени, Танзани , Намибм, Өмнөд Африк, мөн Канад , Америк, Японд бол амьд байгаль , түүний өвтэй харьцах ойлголт, хандлага соёл нь олон нийтийн ухамсар , аж амьдралын хэв маяг болж тогтсон байна. 
Амьд байгалийн өвийн гоо сайхан, амьдрал ахуй, зан араншинг фото зургийн урлагаар өгүүлэх нь тэдний бодол санаа , дуу хоолойг нийтэд хүргэх үйлсэд тустай хэмээн муйхарлаж  чадан ядан буулгасан зарим гэрэл зураг , тэрлэсэн нийтлэлээ дэлгэн барьж буй минь энэ юм.
