Дэлхийн дэг журам
Өнөөгийн технологийн хурдтай хөгжил, соёл иргэншлүүдийн харилцан нөлөөлөл, геополитикийн шинэ хуваарилалт, үндэстэн дамнасан аюул занал нь дэлхий нийтийг олон улсын дэг журмаа шинээр тодорхойлох шаардлагын өмнө аваачиж байна. Энэ сорилтод хариулт өгөх чадалтай ховор сэхээтнүүдийн нэг бол Нобелийн шагналт, дипломатч Хэнри Киссинжэр билээ. Тэрээр 2014 онд бичсэн Дэлхийн дэг журам номдоо дэлхий дахины эмх журмын тухай гүн гүнзгий тайлбар хийжээ.
Киссинжэр “дэлхийн дэг журам” нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ганц үзэл санаа бус, харин улс орон бүрийн түүх, соёл, итгэл үнэмшлээс шалтгаалан өөр өөрөөр төлөвшдөг хэмээн үздэг. Барууны либерал үнэт зүйлс дээр тулгуурласан өнөөгийн ойлголт бусад иргэншлийн дотоод тогтолцоог үл тоомсорлож байгааг анхааруулсан байдаг.
Номд Вестфалийн системийг олон улсын харилцааны суурь хэлбэр гэж онцолсон ч, энэ нь Европын түүхэн нөхцөлд л тохиромжтой байсан гэж үзнэ. Харин Хятад, Лалын ертөнц зэрэг өөр иргэншлүүд өөрийн гэсэн дэг журам, эрхэмлэх зарчмуудтай байсныг түүхэн жишээгээр тайлбарладаг.
Номын онцлох санаа нь тогтвортой дэг журам зөвхөн бодит ухаалаг хандлага, харилцан ашигтай тэнцвэр дээр тогтоно гэсэн үзэл юм. Киссинжэр дэлхийн шинэ дэг журмыг хамтын ойлголцол, харилцан хүндлэл, соёл иргэншлийн онцлогийг хүлээн зөвшөөрсөн ухаалаг дипломат бодлогоор л бий болгож чадна хэмээн дүгнэжээ.