Бизнесийн сонгодог 50 бүтээл (2)
Энэхүү Бизнесийн сонгодог 50 бүтээл нь сонирхолтой онолууд, сургамжит түүхүүд, бодит амьдралын жишээний хольц бөгөөд таныг бизнесийн талаар ул суурьтай бодуулахад зорьсон билээ. Одоо ч мөн чанараа хадгалсаар байгаа жинхэнэ түүхэн сонгодгуудаас эхлээд өнөө цагийн хамгийн сайн бүтээлүүдийг багтааж, тэднийг шүүн тунгааж, амжилтад тань хөтлөх замаа стратегижүүлэх, улмаар бизнестээ ашиглаж болохуйц амьдралд ойрхон санаануудыг олж авахад тань тус болох чухал сэтгэлгээг сорчлон цуглуулах зорилго тавьсан юм. Ихэнх бизнесийн номууд нэг юм уу хоёр үндсэн санааг агуулдаг бөгөөд үлдсэн бусад хуудаснуудад зураг, жишээгээр тухайн гол санаагаа баяжуулсан байдаг. Таны компьютерын хаа нэгтээ хадгалагдаж байгаа элдэв концепц (ерөнхий ойлголт)-ууд, эшлэлүүдийн цуглуулгаас илүүтэйгээр ой санамжид тань гүнзгий үлдэж хоцрох нэг санаа илүү хүчирхэг гэж үзсэний үндсэн дээр миний бие ном, бичвэр бүрийг нягтлан шалгаж, охь дээжийг нь зангидан нэгтгэхийг хичээв. Маркетингийн онолч Сет Годин нэгэнтээ МВА (Бизнесийн удирдлагын мастер) гэх мэт өндөр төлбөртэй эдийн засгийн мэргэжил олгох сургалтуудын талаар гайхширан бичсэн байдаг. Тэрээр “иймэрхүү зүйлд цаг, мөнгөө үрэх нь 30 юм уу 40 сайн номыг няхуур уншаад, уншсанаа бодит туршлагатай хослуулахаас илүү дээр байж чадна гэдгийг ойлгоход хэцүү” гэжээ. Бизнесийн сонгодог 50 бүтээл мэдээж бизнес судлалын цогц сургалтыг орлуулж хараахан амжихгүй байх. Гэхдээ энэ нь таны унших учиртай гэж мэддэг хэдий ч уншиж амжаагүй олон бүтээлийг шүүн тунгаахад зарцуулах их цагийг тань хэмнэх болно. Бизнесийн ухаан нь пуужин бүтээх шинжлэх ухаан биш ч аливааг хэрхэн хийхийг тань өөрчлөх, эсвэл дараагийн том зүйлийг нээн илрүүлэхэд тань дэм болох элдэв санаагаар дүүрэн билээ. Энэ ном нь тэдгээр санаануудад хүрэх товчлол юм.