Муур миний өчил
Нацумэ Соосэкигийн Муур миний өчил роман нь хүний бус, муурын нүдээр XX зууны эхэн үеийн Японы нийгмийн шилжилт, соёлын өөрчлөлт дундах хүний уг чанарыг харсан бүтээл. Нэр үгүй нэгэн муур өөрийн ажигч, хурц ухаанаар Мэйжигийн хувьсгалт өөрчлөлтийн дараа өнгө төрхөө өвч бүрэн шинэчилж буй нийгмийн дундаж давхаргынхны амьдрал, ёс суртахуун, боловсрол, сэтгэлгээ, хандлагыг хөндлөнгөөс шүүн тунгааж байгааг хошин, егөөтэй хэлбэрээр илэрхийлдэг.
Эл романыг уншихад хөнгөн бөгөөд хөгжөөнтэй боловч гүн утга агуулснаараа уншигчаас философийн түвшинд сэтгэхийг ч шаардах нь бий. Үйл явдлын төвд байх муурын амнаас гарч буй этгээд яриа, хоржоонтой өнгө аяс нь зөвхөн гэрийн нэг тэжээвэр амьтны бус, харин оюун ухаантай ажиглагчийн байр сууринаас бичигдсэн нь уг бүтээлийг өвөрмөц болгожээ. Таны гартаа барьж буй уг зохиол нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл, хясал, нийгмийн тасралтгүй өөрчлөлт дунд хүн өөрийгөө хэрхэн ойлгож, хэрхэн бусдыг дүгнэдэг талаар өгүүлсэн бүтээл болно. Нэг үгээр, хүн өөрийгөө муурын буюу хөндлөнгийн нүдээр харах толь. Энэ “толь”-д та өөрийгөө шинжин, инээд, гуниг, ухаарал, эргэцүүлэл бүгдийг олж мэдэрнэ гэдэгт бид итгэж байна.