Диваажингийн цэцэрлэг
“Үлгэрийн хаан” өргөмжит Ханс Кристиан Андерсений (1805-1875) амьдралын үнэний эрэл хайгуул, чин шударгыг эрхэмлэх уриа дуудлагаар дүүрэн үлгэрүүд зохиогдсон цагаасаа эхлэн уншигчдыг байлдан дагуулсаар иржээ. Бид Х.К.Андерсенийг үлгэрийн зохиолч гэдгээр нь сайн мэддэг бөгөөд “үлгэрийн” гэдэг тодотголоор нь хүүхдийн зохиолч гэж оноон нэрлэж даджээ. Судлаач Йохан Милиусын хэлснээр Андерсений үлгэрүүд нь хүүхдэд л зориулагдсан уламжлалт хэлбэрийн шидэт үлгэрүүд биш томчуудад хандсан шүүмжлэлт үлгэрүүд юм. Романтик зохиолуудад гардаг нийгмийн шүүмж түүний зохиолуудад түгээмэл. Уран бүтээлчийнхээ хувьд тэрээр Й.Гёте, В.Гюго, У.Уитман нарын адилаар романтик арга барилаар бичдэг байсан нь бүтээлүүдэд нь илхэн байдаг.