Тогоруут агуй

Тогоруут агуй
“Тогоруут агуй” романы үйл явдал нь хоёр зууны тэртээх Монгол Улс болон өнөөгийн Улаанбаатар хот гэсэн хоёр цаг үед өрнөнө. Зохиогч өвөө, эмээгээсээ сонссон түүхээ баяжуулахын зэрэгцээ өөрийн аж төрж буй шинэ цагийн агуулгыг шингээсэн нь уншигч танд уйдах зав олгохгүй. Түүнчлэн “Арслан, Барс, Заан” гэсэн гурван хааны домгийг ч шинээр зохион бичжээ. Эдгээр домгуудыг анхааралтай уншвал уншигч таны хэдийн мэдэх түүхүүд тодрон гарч ирэх болно.
Романы гол дүр нь нэгэн сүмд өсөж хожмоо Монгол орноор хэрэн хэсэж, ингэхдээ олон төрлийн ер бус үйл явдлыг гэрчилж, сэтгэлээс үл салах дүрүүдтэй уулзах даяанч юм. Энэ дундаас Модтой хэмээх аралд амьдрах Сувраа бүсгүй түүний сэтгэлд тодоос тод үлдэх болно. Энэ хоёр дүрээр эхлэх зохиол явсаар орчин цагийн Монголд Далай лам шиг харагдах залуу, хоёр нүдийг нь дарсан цагаан мэнгэтэй охиноор үргэлжилнэ. Оноосон нэргүй эдгээр дүрүүд өөр хоорондоо хэрхэн холбогдож, шидэт мэт үйл явдлууд хэрхэн энгийн л байдаг зүйл мэт тохиож буйг олж мэдэх аяллыг уншигч танд үлдээе.