Монгол хэлний үгийн сан судлал III
Монгол хэл шинжлэлч, судлаач, профессор Жодовжавын Төмөрцэрэн (1929 - 2001) бол орчин цагийн монгол хэлний үгийн сан судлаач анхны эрдэмтдийн нэг бөгөөд "оюутнуудад зохих ёсны мэдлэг олгохыг үндсэн зорилго болгосон" (Ж.Т.) "Монгол хэлний үгийн сангийн судлал" анхны сурах бичиг, гарын авлагыг тэртээ тавиад онд зохиосон нь өнөө хүртэл улам сайжран хэвлэгдэж их дээд сургуулийн оюутан суралцагч, залуу судлаач, багш нарт гол гарын авлага болсон хэвээр байна.
Ж.Төмөрцэрэнгийн амьдралынхаа турш хийсэн хамгийн гол ажлууд бол монгол хэлний үгийн сан судлалын талаар хийсэн бүтээлүүд бөгөөд түүнийг орчин цагийн монгол хэлний үгийн санг баригч гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэрбээр "Үгийн сан бол аливаа хэлний хөгжил бадралын хэр хэмжээг тодорхойлон үзүүлэх хэмжүүр болох төдийгүй, тэр хэлээр хэлэлцэгч ард түмний соёлын түвшинг тольдон үзүүлэх нэг ёсны лавламж болдог юм" (Ж.Төмөрцэрэн, 2001, 3) хэмээн үзэж байлаа. Түүний бичсэн "Үгийн сангийн зүйгээс", "Үгийн утгын зүйгээс" хэмээх хоёр томоохон өгүүлэл бол сүүлд түүний хэвлүүлсэн энэхүү "Монгол хэлний үгийн сангийн судлал" нэгэн сэдэвт зохиол бичих суурь үндэс болжээ. Үүнийг доктор Э.Пүрэвжав "Энэхүү хоёр цуврал өгүүлэл нь монгол хэлний үгийн сангийн судлалын тогтолцоотой салбар шинжлэх ухаан буй болох үндсэн эхлэл суурийг тавьж өгснөөрөө ач холбогдолтой билээ" (Э.П, 2004, 75-76) хэмээн дүгнэжээ.