Болдоггүй бор өвгөн: Wimpy Old Man
Болдоггүй бор өвгөн
Урьд цагт болдоггүй бор өвгөн гэж нэгэн өвгөн байж гэнэ. Тэр өвгөн долоон бор хоньтой, нисдэг бас нисдэггүй бор морьтой гэнэ. Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгойд овоохой бариад, долоон бор хонио хариулж амьдардаг байжээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд, нисдэггүй бор морио зүүн талдаа аргамждаг байжээ.
Болдоггүй бор өвгөн Хув бор хониноос минь хундан цагаан хурга гараасай, Хурмаст тэнгэрээ тайх юмсан гэж бодож явдаг байжээ. Тэгтэл хув бор хониноос нь хундан цагаан хурга гарсанд Хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаад хурганы уутанд хийж хээр тавиад хонио буцаагаад ирсэнд хон хэрээ нисч ирээд хурганых нь нүдийг ухчихсан байв гэнэ.
Болдоггүй бор өвгөн уурлаж, нисдэг бор мориороо нисч очоод хон хэрээний нүдийг ухчихажээ.
Гэтэл хурмаст тэнгэр хон хэрээний минь нүдийг ухав гэж уурлаад 2 чоноо нисдэг бор морийг нь идүүлхээр явуулсныг Болдоггүй бор өвгөн мэдээд нисдэг бор морь, нисдэггүй бор мориныхоо байрыг солиод аргамжиж гэнэ. Хурмаст хааны хоёр чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихээд явчихаж гэнэ.
Болдоггүй бор өвгөн нисдэг бор мориороо нисэж очоод хоёр чонын арьсийг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьчихаж гэнэ.
Хан хурмаст уурлаж, Болдоггүй бор өвгөнийг хоёр луугаараа ниргүүлхээр явуулсныг Болдоггүй бор өвгөн олж мэдээд хонио хариулж явснаа, Болзоотын бор толгойд мануухай босогчихоод гэнэт холдоод яваад өгчээ. Хоёр луу Болзоотын бор толгойг бор нүүрс болтол нэргэв гэнэ.
Болдоггүй бор өвгөн нисдэг бор мориороо нисч очоод хоёр лууны сүүлийг тас хяргаад явуулжээ.