Үгэн бороо: Шилдэг эсээ - I

Үгэн бороо: Шилдэг эсээ - I
Ард түмэндээ хоёргүй сэтгэлээр дэндүү сайныг хүсэж, соёл боловсролоор л соён гэгээрүүлэхийг хүсч байлаа. Энэ л ард түмнээ оюун ухаанаас гадна эрүүл чийрэг, эрэлхэг зоригтой байлгахыг туйлын ихээр эрмэлзэж, аюул бүхнийг анхааруулж, ад хорлолыг илчилж өгч байлаа. Эрүүл хүнс, уламжлалт хоол, бясалгал, мацаг, сэтгэлийн амгалан гээд түүнд бараг бичээгүй сэдэв үлдээгүй. Бүгд л эсээ эмзэглэл байжээ. Зөвхөн л монгол хүний тусын тулд “бие эрүүл бол сэтгэл эрүүл” гэдэг туйлын үнэн болохыг тунхаглан бичив. Олон цувралыг бичив.
Энэ чигээрээ цааш явбал бидний амьдрал, бидний нийгэм бүхэлдээ “өвчилж”, “шударга ёсны “эзгүйрэлд” орж, заль мэхтнүүд засгийн эрхэнд гарч, “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” болзошгүйг зөнтэй юм шиг анхааруулжээ. Тэгээд л “Эрүүлжүүлэх үү, эрүүлжих үү?” гээд байхад худал хуурмагтай “худ урагласан” мэт байсаар өнөөдөр хүртэл юу ч өөрчлөгдсөнгүй, эрх мэдэлтэн, эд баялагтнууд ёсгүй авирлаж, мөсгүй загнасаар байна биш үү?
“Өвдөг сөхөрвөөс босгож болно
Ухаан сөхөрвөөс босгох хэцүү” гэсээр атал “ТАВАН ЦӨВ”-д баригдаж гүйцэх нь гэж харамсан эмзэглэж байв.
Зохиолч, судлаач Пүрэвхүүгийн Батхуяг