Ene nigen debter amui
Монгол улсын Говь-Алтай аймгийн Тайшир сум (Халхын Засагт хан аймгийн Үйзэн засгийн хошууны үндсэн нутаг)-ын 6-р багийн малчин Чунагт 'Ene nigen debter amui' (энэ нэгэн дэвтэр амуй) хэмээх түүхийн сурвалж зохиол хадгалагдаж иржээ. Түүхийг 1956 онд Шинжлэх Ухааны Хүрээлэн (одоогийн Шинжлэх Ухааны Академи)-ийн Говь Алтай, Завхан, Хөвсгөл аймагт ажилласан хээрийн судалгааны ангийн ажилтан Вандуй, Барайшир, Чимэд нар олж үзээд Улсын Архивын сан хөмрөгт авчирч өгсөн нь өдгөө Үндэсний Төв архивт хадгалагдаж буй. Уг зохиол нь бүхэлдээ Халхын Засагт хан аймгийн түүхэнд зориулагдсан бүтээл болно. Энд Засагт хан аймгийн олон засгуудын түүх, өртөө харуулын нэр тоо, тус аймгийн оны гавьяа зүтгэлийн түүх, Халхын дөрвөн аймаг 86 засаг хошуу, сум эрийн тоо, Өвөр 49 хошуу, 6 чуулганы тоо, Галдан бошгот, Амарсанаа Чэнгүнжав нарын хөдөлгөөний тухай, Чингисийн өрлөг Зэлмийн товч түүх, Манж хааны анх үүссэн товч түүх, Ертөнц анх тогтсон товч өгүүлэл зэрэг бий.