Философи, эрхийн судлал-XXXI боть
Эртний Грекийн сонгодог философич Аристотель 'Оршихуй гэж юу вэ гэдэг тухай асуулт гарна, энэ асуулт нь мөн чанар гэж юу гэсэн асуултанд хүргэнэ'' гэсэн байдаг. Түүний төсөөлж байснаар мөн чанар нь угтаа метафизик, харин метафизик нь философи мөн аж. Учир иймд метафизик, философи хоёр нягт холбоотой. Метафизик нь философийг, философи нь метафизикийг нөхцөлдүүлдэг байна. Метафизик хэмээх мөн чанар нь оршихуйг танин барих түлхүүр болдог. Энэ агуулгаараа метафизик нь философид оршин буй зүйлийн язгуур мөн чанарыг илэрхийлж, философийн суурь чанар нь болдог. Улс төрийн философи нь суурь ерөнхий философийн нэгэн амьд бүрдэл мөнийн хувьд түүний метафизик учир холбогдлын асуудал онц чухалд тооцогддог. Улс төрийн философи гэж юу? хэмээх асуултанд хариу өгөхийн тулд метафизик, түүний философитой харьцах харьцааны асуудал зүй ёсоор тавигддаг.
