Монгол-Англи шинэ дүймин
Монгол-Англи шинэ дүймин
Нэрт толь зүйч Ц.Дашдондов гуай нэгэн шинэ дүймин гаргажээ. Нэмэлт тайлбар зүүлт бүхий толь бичгийг манай ухаант өвөг дээдэс дүймин хэмээн нэрлэдэг байсан юм. Тэгвэл энэ дүймин бараг л бага нэвтэрхий толийн дайтай болжээ. Төвд хэлнээс гарал улбаатай “Дүймин” хэмээх нэр уг нь угтаа нэгэн том зохиол бүтээл доторх утга нь ойлгомж муутай хуучирсан үг, ёгт нэр, хатуу бэрх хэллэгийн нэрийн хэлхээс гэсэн утга агуулгатай байсан бол эдүгээ цагт 'түүвэр нэр' хэмээх утгыг түүнээс ч өргөн илтгэж байна. Энэхүү 'Монгол-Англи дүймин' нь шашин, сүм хийд, бөө, өргөл мөргөл, тахилга тайлга, уламжлалт зан үйлийн холбогдолтой нэр томьёо, үг хэллэгийг сайтар багтааснаараа өвөрмөц онцлогтой юм. Шашин шүтлэгийн талын нэр томьёо, үг хэллэгийн утга агуулга, учир начрыг гадаад хэлээр тайлан тайлбарлахад бэрхтэй байдгийг бодсон ч 'Монгол-Англи дүймин' өргөн олонд их хэрэгтэй толь бичиг болсон байна.
