Уламжлалт мөнгөн урлалын шилдэг бүтээлүүд

Уламжлалт мөнгөн урлалын шилдэг бүтээлүүд
Монгол дархчууд аливаа зүйлийг хийхдээ, зан заншил, билэгдэл зүйг ихээхэн анхаардаг, энэ ч үүднээс мөнгөн урлалын зүйлд хэмжих ухааны дүрс алхан хээ, түмэн наст, өлзий утас, хаан бугуйвч, хатан сүйх, амьтны гаралтай дүрслэлд эвэр болон хамар угалз, эвт дөрвөн амьтан, арван хоёр жил, янгир, буга зэрэг амьтад, галын дөл зэргийг дүрслэх бөгөөд төр ёслолын дүрслэлд соёмбо, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил, дагинас зэрэг дорно дахины түгээмэл гарал үүсэл бүхий нийтлэг утга билэгдэлтэй хээг ёслол хүндэтгэлийн зүйлд зориулж урлаж байжээ. Энэхүү цомогт монгол дархчуудын XIX-XX зуунд урласан мөнгөн аяга, хэт бэл хутга, эрэгтэй эмэгтэй хүний гоёл чимэглэлийн зүйл, морины мөнгөн хэрэглэл, бурхан тахилын зүйл, гэр ахуйн сав хэрэглэлийн зүйлсийг олдох хэмжээгээр нь шилж сонгон оруулсан байна. Уг цомгийг монголын уламжлалт дарханы урлагийн бүтээлийг өнөө болон хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчилан таниулах, уламжлалт урлагаа баяжуулан хөгжүүлж буй урлан дархлагч шинэ үеийн дархчуул болон сонирхогч олон түмэнд гарын авлага болгож байна.