Монголын театрын түүх
Монголын соёл, урлаг судлалд соёлын түүх бичлэг онцгой байр эзлэх бөгөөд 1980-аад онд БНМАУ-ын Соёлын түүх '2 боть', 1999 онд Монголын Соёлын түүх '3 боть'-ийг тус тус бичиж олны хүртээл болгосон билээ. Үүнээс хойш соёл, урлагийн түүх бичлэг тийм ч идэвхитэй өрнөсөнгүй өдий хүрчээ. Иймд СУИС-ийн Теартын урлагийн сургуулийн Эрдэм шинжилгээ-уран бүтээлийн зөвлөл, Тайз, дэлгэцийн урлаг судлалын профессорын багаас санаачлан монголын жүжгийн зохиол, жүжгийн хөгжим, тайзны зургийн урлаг, хүүхэлдэйн болон хүүхэд, залуучуудын театр, орон нутгийн театр, хувийн театр, студи, продакшны түүхийг шинээр судалж бичжээ. Уг бүтээлийг соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн багш нар, Монголын театрын түүхийг сонирхон судлах өргөн олон уншигчдад зориулж байна.