Монголын гэрэл зурагчид
Гэрэл зураг бол түүхийн бодит гэрч, засваргүй үнэн юм. Үүнийг ойлгож, ач холбогдол өгдөг учраас Монголд гэрэл зургийн алба үүссэний тэгш ойг тэмдэглэсээр иржээ. Гэхдээ энэ салбарын хөдөлгөгч хүч, энэ салбарыг өдий хүртэл хөгжүүлсэн гол гавьяатнууд болох гэрэл зурагчид, фото сэтгүүлчдийн түүх намтар, уран бүтээлийн өвийг хадгалах, судлах тал дээр учир дутагдалтай явсаар иржээ. Монголын гэрэл зургийн түүх бол Монголын соёл урлаг, сэтгүүлзүй, кино, архив зэрэг олон салбарын түүхийг тодотгогч юм. Тийм учраас гэрэл зурагчид, фото сэтгүүлчдийн намтар, бүтээлийг судалгааны эргэлтэд оруулахгүйгээр бүрэн түүх бий болохгүй. Монголд гэрэл зургийн асуудал эрхэлсэн тусгай байгууллага бий болоод 80 жил болохоос эхлээд Монгол гэрэл зурагчид төрөн гарсаар 100 гаруй жил өнгөрснийг энэ номонд баримтаар тусгасан байна. Энэ ном бол Монголд өөрийн гэсэн гэрэл зурагчид төрөн гарснаас хойшхи цаг хугацаанд Монгол орон ямархуу дүр төрхтэй байж, хэрхэн хөгжиж дэвжиж ирсний түүх, баримт юм.