Жич: Би чамд хайртай

Жич: Би чамд хайртай
Холли цэнхэр даавуун, битүү захтай цамцыг нүүрэндээ наахад танил үнэр ханхалж гомдол цөхрөл цээжинд нь бөөгнөрөн зүрхийг нь хатгана. Түүний хоолой дээр ямар нэгэн юм тээглэн зангирч байлаа. Айдас түүнийг нөмрөнө. Хөргөгчний зөөлөн хүржигнээн, угаалтуурын цоргоноос хааяахан дуслах усны чимээг эс тооцвол байшинд нам гүм байлаа. Тэрээр гэртээ ганцаараа байв. Дотор нь муухайрч ариун цэврийн өрөө рүү ухасхийн орж суултуурын өмнө сөхрөн унав. Жерри дахиж хэзээ ч ирэхээргүйгээр явсан байлаа. Холли түүний зөөлөн үсийг хуруугаараа дахин хэзээ ч оролдож чадахгүй, үдэшлэгт ширээнд хамт суугаад нууцаар хоорондоо хошигнохгүй, ажил ихтэй өдрийн дараа ирэхэд тэвэрч угтсангүй гэж түүнд дахиж хэзээ ч гомдож тунихгүй, дахиж түүнтэй хамт нэг оронд унтахгүй, өглөө бүр түүний найтаах чимээнээр сэрэхгүй, элгээ хөштөл хамтдаа инээхгүй, унтлагын өрөөний гэрлийг унтраах хэний ээлж вэ гэж түүнтэй маргаж зодолдохгүй. Энэ бүгд Холлид боодолтой дурсамж болон үлдэж, харин Жерригийн дүр төрх өдрөөс өдөрт бүдгэрсээр...