Одоо үеийн монгол шүлгийн ерөнхийлсөн судлал

Одоо үеийн монгол шүлгийн ерөнхийлсөн судлал
Шинэ монголын утга зохиолын судлалын нэг гол чиглэл, хандлага бол 'XX зууны уран зохиол' гарцаагүй мөн юм. Учир нь XX зуунд Монгол улс нь магадгүй урьд өмнөх зуунуудад байгаагүй их өөрчлөлт, хөгжил, дэвшил, хэлмэгдэл, уруудал доройтол, сэхэлтийг авч ирсэн байж болно. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөрмонголын Их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн багш, доктор Хайрханы 'Одоо үеийн шүлгийн ерөнхийлсөн судлал' судалгааны номыг Улаанбаатарын Их сургуулийн монгол судлалын төвөөс эрхлэн гаргаж буй цувралд ийнхүү оруулан хэвлэжээ. Түүний бүтээлийн онцлог нь XX зууны өвөрмонгол яруу найраг дахь аман зохиолын уламжлал, хятадын болон зөвлөлт, бусад орны соёлын сэтгэлгээний нөлөөлөл зэргийг тодотгон, үүний зэрэгцээгээр дотоодын хүчин зүйлс улс төр, нийгмийн хөгжлийн саад тотгорыг 'соёлын хувьсгал'-ын үе мэтчилэн тус тусад нь задлан судалсанд оршино. Түүнчлэн яруу найраг, яруу найрагчдын тухай, уран сайхны ертөнцийн дотоод хүчин зүйлийн тухай шүлэг зохиол дээр жишээлэн судалгаа хийсэн нь бүхэлдээ шинэ зууны өвөрмонгол яруу найргийн цогц тойм судалгаа болж, түүний мөн чанар, уран сайхны төвшинг ямар нэгэн хэмжээгээр илтгэн харуулж байна.