Мянгадын түүх: XIII-XX зууны 30-аад он

Мянгадын түүх: XIII-XX зууны 30-аад он
Монголын олон ястан үндэстний гарал үүсэл, угсаа-түүхийг судлах нь манай түүхийн шинжлэх ухааны нэгэн чиглэл, зорилт нь юм. Өнөө хир баруун, төв, дорнод монголд олон угсаатны бүлгүүд оршин сууж байгаагийн дотроос Баруун монголд бүр ч олон угсаатны бүлгүүд байдаг. Үүнд: Мянгад, Урианхай, Дөрвөд, Баяд, Өөлд, Захчин, Торгууд, Хотон, Хошууд, Халх, Хасаг, Тува, Уйгар зэрэг том, жижиг ястан угсаатны бүлгүүд бий. Эдгээр угсаатны бүлгүүд түүхийн урт удаан хугацаанд амьдран ирсэн тэмцлийн дайчин баатарлаг зам мөр, уйгагүй нөр их хөдөлмөрийнхөө буурал түүхээ бүтээсээр ирсэн билээ. Бодит үнэн баримттай, бас хойших үеийнхэндээ сургамжтай, дайчин түүхээ зам гудас гээж бүдгэрүүлэх, мартахгүйн тул ястан үндэстэн бүр хүчин чармайж түүх шаштираа бичиж, хойч үедээ өвлөн өгч хадгалуулсаар ирсэн сайхан зам мөр бидэнд бий. Ер нь өнгөрсөн түүхээ эс мэдэж, үл тоож ирвээс өдгөөг бодитойгоор ухааран таньж улмаар ирээдүйгээ зөв баримжаалах боломжгүй болж төөрч самуурах замд хальтран орно. Түүхээ эс ойшоон үзвээс өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван холбооны залгамжийг анхаарч үзэхгүйгээр ямар нэгэн хөгжил, ирээдүйн зам зөв тавигдах боломжгүй юм. Иймээс бид түүх шастираа бичиж ирээдүйдээ үлдээхээс өөр зам байхгүй. Ястан угсаатан болон орон нутгийнхаа түүхийг нутаг нутгийн эрдэм номтой хүмүүс туурвин бүтээсээр ирсэн. Иймэрхүү ажил үйлийг 'орон нутаг судлал', бүтээгчдийг нь 'орон нутаг судлаачид' хэмээн нэрлэмээр юм. Иймэрхүү орон нутгийн чанартай түүхийн судлал нь монголын түүхийн судлалд хувь нэмэр болох учиртай.