Ардчиллын амин сүнс: Асуудал, шийдэл, ирээдүй (1)
Юуны өмнө Монголчууд бид ардчиллын гэх тодотголтой 22 жилдээ үнэлэлт дүгнэлт өгөх цаг нь болсон. Бид юун дээр алдав. Бид яагаад алдав. Алдаанаас шалтгаалан юу болов? Бас алдаагаа хэрхэн засах вэ? гэх мэт ар араасаа тавигдах олон асуултанд хариулах шаардлага тулгарч байна. Энэ л асуултууд биднийг ардчиллын жинхэнэ утгаар нь байгуулахад хөтлөх болно. Бид коммунизм байгуулах гэсэнтэй адил хоосон мөрөөдөл тавьж болохгүй бас мэдэхгүй, чадахгүй байж харанхуйгаар ардчилал байгуулна хэмээн улс үндэстнээрээ тоглож болохгүй. Харин бид мэдлэгтэй, онолтой байж л жинхэнэ, амин сүнстэй ардчиллыг байгуулах ёстой юм. Бид мэдэхгүйгээсээ болж 22 жил алдлаа. Одоо алдаагаа засах цаг болсон. Энэхүү цуврал номын зорилго нь үүнд л оршиж байгаа болно. Энэ ном нь зөвхөн бүхнийг харлуулах гэсэн шүүмж биш харин өнгөрсөн үйл явдлуудын зөв ба буруу, сайн ба мууг шүүн шалгасан шалгалт. Өнөөдрийн бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудлын шийдэл бас шалтгааны тодруулга. бас олон асуултуудын хариулт.