Мянга нэгэн шөнийн үлгэр
Хүн төрөлхтний оюуны далайд исламын шашинтнуудын оруулсан нэгэн томоохон цутгал, дэлхийн олон үндэстний шидэт үлгэрүүдийн ноён оргил болох 'Мянга нэгэн шөнийн үлгэр'-ийг эрт цагаас Энэтхэг, Перс, Египет, Бага Ази, Арабын ард түмэн ам дамжин ярьсаар XV зуунд Каир хотноо эмхтгэсэн гэдэг. Олон үлгэрт дарагдаж, олон үлгэрийн үйл явдлыг бүтээлцэж буй Харун Халиф бол Франкийн их Карлтай дайтаж асан, арабчуудын дунд ард олондоо өршөөлтэй сайн хаан гэгдсэн түүхэн хүн. Ихэнх үлгэрүүд нь 'Эрт урьд цагт ертөнцийн нийслэл Багдад хотноо...' хэмээн эхлэх, мянга нэгэн шөнийн турш Шахрияр хаанд Шахразада хатны ярьсан үлгэрүүд нь үлгэрийн дотор үлгэр, түүний дотор үлгэр, дотор нь ахиад л үлгэр гэж толгой эргэм үргэлжлэх бөгөөд үйл явдлынх нь ер бусын сонин, үг хэллэгийнх нь яруу тансагийг гайхаад баршгүй. Тийм ч учраас энэ гайхамшигтай зохиол хожим Европын олон зохиолчдод нөлөөгөө үзүүлж тэдний зохиосон домог, яруу найраг, тууж, романд тусгалаа олсон байдаг.