Торгон зодогтны тоосон дундах он жилүүд
Жарантайн суурин эзгүйрч хэдэн өцгөр пүнзнүүд он цагийн салхи даахаа болиод шургачин унах нь уу гэмээр болоод хойно урдаас нь додомдон тулсан нь далд уйтгар төрүүлэх аж. Малжиж баяжсан ардууд ах дүүс, үр хүүхэдтэйгээ нийлээд хуучин өвөлжөө хондоо бараадан их уулсын нөмөр бараадан таг өөд асчээ. Харин, энэ эзгүй сууринд Жунай өвгөн ууль шиг уулын мухар сахиж уйтан хоцорчээ. Хувьчлалаар хишиг болгож гялайлгасан хэдрэг цагаан гүү, хэнз голдуу хэдэн зусаг борлонгоо ойрын хамаатан охинд даатгасан нь хошуу цорвойж, элэг дордойлгох бүсгүй тал нь эрх биш зөөлөн аядуу гэдгийг өвгөн гадарласан хэрэг. Нөмөр бараадуулж барьсан цөгц шиг умгар гэр нөөлөгт цохигдон унь нь углуургаараа үл мэдэг чихран бөмбөлзөж, хошуулдсан өрхний бяцхан сиймхийгээр нарийн өтөг нургилж хазаар өвс тооноор нь хааяа нэг унан модон тагштай цайнд хөвнө....