20-р зууны шилдэг тууж 2

20-р зууны шилдэг тууж 2
Өнгөрсөн зуунд монголын орчин үеийн уран зохиолын тууж бичлэгийн хүрээнд юу болж хэрхэн өрнөв. ХХ зууны 40-өөд оноос үндсэн уран сайхан ба нэмэлт үзэл суртал хоёрын дундуур цөөнгүй тууж бичигджээ. Дэлхийн дайны нөлөөгөөр цэрэг-эх орны сэдэвтэй туужис бичигдсэн байна. Энэ удаа бид Д.Сэнгээгийн “Аюуш” (1946) туужийг ялимгүй онцлов. Учир нь уран зохиолын хүмүүжлийн нөлөө гэж огт ярихаа больсон энэ цагт “Аюуш” тууж хүн эх орондоо хайртай байхын утга учрыг таниулах талаасаа одоо ч үр нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Мөн дурсамж хэлбэрийн туужисыг залган уянга-сэтгэл зүйн чиглэлийн бүтээлүүд ч ихээр бичигдэж байсныг энэ ботиос харж болно. Мөн энэхүү хоёрдугаар ботид орсон туужисаас та бүхэн 1940-1960 аад оны хооронд цэрэг эх орны сэдэвтэй туужийн үе дуусч, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар, шинэ сэхээтний дүр, хөдөлмөрийн хамт олон, өтөл бэртэгчин, хувиа хичээгсдийг илчлэх агуулга бүхий чамгүй олон тууж бичигдсэнийг анзаарч мэдэх болно. 1960- аад оны үеэс С.Дашдооров, Д.Мягмар, С.Эрдэнэ, Ж. Бямбаа зэрэг шинэ нэрс, шинэ бүтээлүүд монголын орчин үеийн уран зохиолын тууж бичлэгийг улам баяжуулжээ. Зохиолч З.Баттулгын тагнуул-адал явдлын туужис, Ж.Пүрэвийн “Нэр хүнд” ухуулга тууж, С.Удвалын “Одгэрэл” уриалга тууж, бичигдсэн нь энэхүү жанрын хөгжилд ихээхэн түлхэц үзүүлсэн байна. Зохиолч П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ, С.Дашдооров, Д.Мягмар нарын туужийн зохиолын нөлөө дараа үеийн зохиолчдын бүтээлд ч онцгой нөлөө үзүүлсэн нь тодорхой харагдаж байна.