Жеймс Э.Л

Дэлхий дахинд бичгийн нэр болох И.Л.Жеймс нэрээрээ танил болсон Английн зохиолч Эрика Митчелл 1963 оны 3-р сарын 7-нд Английн Лондон хотод төржээ. Эрикагийн эх нь Чили, эцэг нь Шотланд хүн байсан бөгөөд бага насаа Бакингемширт өнгөрүүлэв. Тэрбээр Бакингемширын охидын ахлах сургуулийг төгсөөд Английн зүүн өмнөд хэсэгт орших Кент их сургуульд түүхийн чиглэлээр суралцжээ. Эрика Митчелл романтик, эротик, уран зөгнөлт төрлийн ном бичдэг бөгөөд садомазохист хандлагатай, тэрбумтан Кристиан Грей болон хэл бичгийн ангийн оюутан Анастасия Стил нарын харилцааны тухай өгүүлэх гурвалсан эротик роман болох 'Fifty Shades of Grey', 'Fifty Shades Darker', 'Fifty Shades Freed' зохиолуудаараа уншигчдад танил болсон бөгөөд түүний романууд гарсан даруйдаа зөвхөн АНУ-д гэхэд л 35 сая хувь борлогдож, цус сорогчийн тухай өгүүлсэн 'Бүрэнхий' цувралын үзүүлсэн амжилтыг давж гарсан байна. Сонирхолтой нь Эрика анх уг зохиолынхоо санааг 'Бүрэнхий' цувралаас авч байсан гэдэг. Одоогийн байдлаар уг цуврал ном дэлхийн 52 хэл дээр орчуулагдаж, нийт 100,000,000 хувь борлогджээ. Түүний бичсэн 'Fifty Shades of Grey' роман нь 2012 онд 'Оны шилдэг ном', 'Романтик төрлийн шилдэг ном'-оор шалгарсан бол мөн онд Эрика өөрөө 'Time' сэтгүүлээс гаргасан 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д багтсан билээ. Тэрээр зохиол бичихээсээ өмнө телевизэд ажилладаг байсан бөгөөд Лондон хотын баруун хэсэгт нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэрээр хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэдэг алдартнуудын нэг бөгөөд Их Британий хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг хамгийн том буяны байгууллага болох Томас Корамын сантай нягт хамтран ажилладаг нэгэн.