Чилхаасүрэн Очирбатын

1945 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. Инженер технологч мэргэжилтэй. Стандарт, чанарын асуудал эрхэлсэн улсын байцаагч, дараа нь мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Олон улсын байгууллага (ЭЗХТЗ-ийн Стандартчиллын Институтийн Шинжлэх ухааны үндэс, арга зүйн хэлтэст) Олон улсын шинжээч зэрэг төрийн албанд тасралтгүй дөч шахам жил ажилласан. Төр, засаг түүний хөдөлмөрийн үр дүнг үнэлж, Үнэ стандартын 'Тэргүүний ажилтан', тус улсад стандартын талаар улсын алба үүсч хөгжсөний 40 жилийн ойгоор 'Алтан гадас' одон, мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медал, дурсгалын бусад зүйлээр тус тус шагнасан. Тэрбээр үндэсний тохирлын ба эко-тэмдэг зэрэг үндэсний хэмжээнд зуу гаруй стандартын боловсруулагч, арга зүйчээр ажилласан. 1993, 1995 онд Швед Улсад Стандарт, чанарын менежментийн асуудлаар анхны болон дээд шатны курс дүүргэсэн. Орос, англи хэлтэй. Сүүлийн жилүүдэд Монголын Стандартчиллын Холбоо ТББ-г тэргүүлж, мэргэжлээрээ сурсан зүйл, мэдлэг, туршлагадаа тулгуурлан дэмжлэг үзүүлэх, зөвлөх ажил үүрэг гүйцэтгэж байна. 2002 онд 'Стандарт, чанарын суурь асуудал' сэдвээр I ба II дэвтэр 'боть', 2013 онд мөн энэ номонд нэмэлт засвар оруулан хоёр дахь удаагийн хэвлэлийн нэг боть номоо тус тус хэвлүүлсэн. Эзэн Богд Их Хаан Чингисийн төрсний 850 жилийн ойгоор монголчуудын түүх, соёлыг сонирхон судлаачийн хувьд, 'Дэлхийн бүх Монголчууд, угсаатан нарт зориулан 'Өгүүлэгдээгүй түүх' цомог бүтээл туурвисан. Тэрбээр Монгол улсад стандартчилал, чанарын аттестатчилал, үнэлгээний арга, менежментийн чиглэлийг хөгжүүлэх, ажлын залгамж чанарыг тооцон эрхэлсэн ажил үйлстээ оюун ухаанаа төвлөрүүлэн залуу үеийг сургах, бэлтгэхэд хүч, хөдөлмөрөө зориулж яваа нэгэн.