Майн Рид Томас

Английн зохиолч Томас Майн Рид 1818 оны 4-р сарын 4-нд Ирландын Боллиронид төржээ. Эцэг нь хүүгээ лам болгохыг хүссэн боловч угийн сүжиггүй хүү нь эцэгтэйгээ тэрслэн, хүссэн ажлаа олохоор шийдэн, Америкийг зорив. Түүний эх орон Ирланд аль хэдийнээс Английн эзэмшил гэгдэх болсон ч ирланд хүмүүс эрх чөлөөний тэмцлээ зогсоогоогүй байлаа. Залуу Томас ч нутгаа орхин гарахдаа дарлал мөлжлөгийг үзэн ядаж явлаа. Тэрээр 1840 оны нэгдүгээр сард Өмнөдийн газар тариалангийн төв, хүн зон бужигнасан Нью Орлеансыг зорив. Залуу эр амьдрахын тулд янз бүрийн ажил хийж, өмнөд муж Мексикээр тэнүүчлэн аялахдаа хар арьст боол, анчин, улс төрийн дүрвэгсэд, газар нутгийнхаа төлөө тэмцэх индиан гээд олон хүнтэй нүүр учирсан нь амьдралын баялаг туршлага, түүний хожмын бүтээлийн эх санаа болжээ. Тэрээр 1842 оноос утга зохиолын ажлын гараагаа эхэлж, 'Ядуу эрдэмтэн', Эколлер хэмээх бичгийн нэрүүдийг ашиглан сонин, сэтгүүлийн газарт яруу найргийн болон үргэлжилсэн үгийн зохиол бичих болов. 1950-иад оноос зохиол бичих ажилдаа ханцуй шамлан орж, амьдралынхаа турш 75 роман, хэдэн арван богино өгүүллэг бичсэнээс 'Чөлөөтэй сум' '1850', 'Хуйхын ангууч' '1851', 'Цагаан удирдагч' '1855', 'Хурлийз бүсгүй' '1856', 'Оцеола баатар' '1858', 'Маронууд' '1862', 'Морь унасан толгойгүй хүн' '1865' зэрэг алдартай бүтээлүүд нь түүнийг дэлхийн сая сая уншигчдад танил болгосон юм. Эдгээр зохиолуудын даруухан бөгөөд зоригтой баатрууд янз бүрийн аюулаар дүүрэн амьдралын хүнд замыг туулан үнэний төлөө, хүн ёсны төлөө тэмцэлдээ үнэнчээр үлддэг нь уншигчдын зүрх сэтгэлийг татдаг билээ. Өөрийгөө 'ахмад Майн Рид' хэмээн нэрлэх дуртай, Английн их бичгийн хүн тэрбээр зохиол бүтээлдээ нийгмийн олон асуудлыг хөндөн бичдэг байсан ба хар арьстан боолыг чөлөөлөхийн төлөө тэмцэгч, цагаан арьстанд дарлуулж байгаа индиан омгийг хамгаалагч бас Мексик, Италийн тариачин, Францын ажилчдыг талархан дэмжигч байлаа.