Шаандар Пүрэвжалын

Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 1965 онд ЕБДС-ийн 7-р анги, 1969 онд Дархан хотын Политехникумын хайгуулын, 1975 онд МУИС-ийн дэргэдэх Политехникийн Институтын геологийн ангийг тус тус төгссөн. Ашигт малтмалын эрэл, зураглалын геологич-инженер мэргэжилтэй, докторын (Ph.D) зэрэгтэй. МУ-ын зөвлөх инженер. Төмөрлөг бус ашигт малтмалаар дагнан мэргэшсэн. Тэргүүний геологич. Барилгын материалын үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан. 1974 онд техник геологичоор анх ажилд орж, 1975-2012 онд геологич, ахлах геологич, өдгөө зөвлөх геологичоор ажиллаж байна. Энэ хугацаанд төмөрлөг бус ашигт малтмалын 30 гаруй ордод хайгуул хийсэн. Геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, нэгэн сэдэвт зохиол, ЭШ-ний өгүүлэл зэрэг 50 гаруй бүтээл бичиж туурвисан. Сүүлийн жилүүдэд төмөр замын балластын чулууны 5 ордод хайгуул хийж, барилгын материалын эрдэслэг түүхий эдийн 30-аад ордын ГХА-д зөвлөх үйлчилгээ үзүүлсэн буюу нөөцийн тооцоонд экспертиз хийсэн. Нийт 40 орчим ордын нөөцийг ЭБМЗ-өөр оруулж батлуулан, МУ-ын нөөцийн санд бүртгүүлсэн. 1980-аад оны сүүлчээр ШБОС 2-ыг гаргаж геологийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Барилгын ховор материал болох манай улсад ганц байдаг өнгөлгөөний гантигийн ордыг Хөвсгөл аймгийн Цагаанчулуут суманд 1984 онд анх нээн илрүүлж, хайгуулын ажлаар нөөцийг нь баталгаажуулсан байна. 'БНМАУ-ын төмөрлөг бус ашигт малтмал' '1991 он' сэдэвчилсэн судалгааны тайлан, 'МУ-ын төмөрлөг бус ашигт малтмалын зураг' ба түүний тайлбар бичиг (1:1000000 масштабтай анхны зураг, 1992 он)-ыг удирдан зохиож шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан. Монголд өмнө нь хайгуул хийж байгаагүй бараг бүх төрлийн төмөрлөг бус ашигт малтмалын шинэлэг ордын хайгуулыг тухайн үеийн удирдах Яамнаас өгсөн даалгаврын дагуу гардан хийж, амжилттай гүйцэтгэн тус чиглэлээр анхдагч нь (1980-аад оноос хойш) байж чаджээ.