Хандхүү Гонгорын

Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. Анагаах ухааны магистр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан. 1962 онд Тонхил сумын 7-н жилийн сургууль, 1966 онд Анагаах ухааны дунд сургууль, 1980 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр тус тус төгссөн. 1983 онд Хүүхдийн мэдрэлийн эмчийн курс, 1990 онд Узбекстан улсын Ташкент хотод мэргэжил дээшлүүлсэн. 1966-1967 онд Улаанбаатарын төв эмийн санд эм шалгагчаар, 1967-1975 онд Ховд аймгийн эмийн санд эм шалгагч, төв эмийн сангийн эрхлэгчээр, 1980-1988 онд Ховдын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн мэдрэлийн эмчээр, 1988-1993 онд Багануур дүүрэгт хүүхдийн эмч, АЦХС станцын ерөнхий эмч, 1994-2004 онд Улаанбаатар хотын хүүхдийн клиник сувилалд хүүхдийн эмч зэрэг ажлыг хийж байгаад чөлөөндөө гарсан. Эрдэм шинжилгээ судалгааны таван илтгэл, өгүүлэл, эцэг эхчүүдэд зориулж 50 гаруй санамж, зөвлөгөө бичиж төв орон нутгийн хэвлэлд нийтлүүлжээ. Зүйлийн хүрээнээс хэлмэгдсэн лам нарт зориулж 'Зүүдэнд ч ороогүй тавилан' ном, 2013 онд Тонхилын сургуулийн 15 дугаар төгсөлтийнхөнд зориулж 'Нууранд чуулсан шувууд' номыг Т.Очирбат, Ё.Жаргал нарын хамт бичжээ. 2010, 2014 онуудад 'Монголын уламжлалт гэрийн хүмүүжил' номыг хүү Ж.Дашдаваагийнхаа хамт зохиож хэвлүүлсэн.