Сэлинжер Жером

Жером Дэвид Сэлинжер бол Америкийн үргэлжилсэн үгийн зохиолч агаад 1950-1960 оны эхэн үед утга зохиолд чухал байр суурь эзэлж байжээ. Тэрбээр 1919 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр Нью-Йорк хотод бяслаг болон хиамны худалдаачин Сол Сэлинжер гэгч чинээлэг эрийн гэр бүлд мэндэлсэн аж. Сэлинжер сониуч нэгэн байсан тул хэд хэдэн сургуульд орж суралцсан ч тэдгээрийн зөвхөн нэгийг буюу Пенсильвани муж дахь Уэлли-Форжийн цэргийн сургуулийг 1936 онд дүүргэжээ. Нью- Йорк болон Колумбийн их сургуульд мөн суралцаж байв. Цэргийн сургууль дүүргэсний нь дараа хүүдээ ажил хэргээ өвлүүлэн үлдээх сонирхолтой байсан эцэг нь Жеромыг дагуулан Европ тивээр аялжээ. Энэхүү аяллын соёлын хөтөлбөр янз бүрийн нэрд гарсан хиам бүтээх үйл явцыг судлах ажилтай хамт өрнөж байлаа. АНУ-д буцаж очоод Сэлинжер өөрийн хар багын мөрөөдөл болсон утга зохиолыг сонирхох болов. Энэ зорилгоор тэрбээр Пенсильвани мужийн Урсинус коллежийн лекцэнд сууж анхныхаа бүтээлийг хэвлүүлэв. Түүний бичсэн ёгт өгүүллэг долоо хоног тутмын 'Урсинус уикли' хэвлэлд нийтлэгджээ. Сэлинжерын 'Залуус' хэмээх анхны өгүүллэг 1940 онд 'Стори' сэтгүүлд хэвлэгдсэн байна. Энэ мөчид тэрбээр өөрийн бичлэгийн хэв маяг, сэдвийг олох хайгуулд гарсан аж. Түүний бичсэн өгүүллэгүүд их гэнэн, хийсвэр, тал тал тийш үсчсэн сэдэвтэй байлаа. Сэлинжер тэдгээр өгүүллэгүүдээ дахиж хэзээ ч хэвлүүлээгүй билээ. Улмаар тэрбээр оюунлаг хүмүүс уншдаг 'Нью-Йоркер' сэтгүүлд өгүүллэгүүдээ нийтлэх болжээ. Тэнд 'Мэдисоны гудамжинд гарсан үймээн' гэдэг нэртэй тууж нийтлэгдсэн нь түүний амьдралдаа бичсэн цорын ганц роман болох 'Хөх тариан талбайн ирмэгт' романы нэгэн бүлэг болжээ. 1942 онд Сэлинжер цэрэгт татагдсан аж. Удалгүй Америкийн армийн түрүүч цолтойгоор Нормандад холбоотнуудын цэрэг буух ажиллагаанд оролцов. Дайныг тэрбээр Бавари дахь Америкийн тагнуулын ажилтны хувиар дуусгасан байна. Дайны дараа Сэлинжер хэсэг хугацаанд Нью-Йорк хотын Парк-авенюд орших ээж, аавынхаа гэрт амьдарчээ. Үдэш нь Гринвич-виллэжид очин оюун ухаан нь өндөр хөгжсөн хүмүүсийн яриа, мэтгэлцээнийг сонсдог байсан аж. Энэ мөчид Сэлинжер өөрийнх нь өгүүлснээр, арав орчим жил бичсэн гэх 'Хөх тариан талбайн ирмэгт' роман дээрээ ажиллаж байжээ. Зохиолоо дайны үеэр ч бичиж байсан гэнэ. Цэргийн жийп машин дотор бичгийн машин тачигнуулж явсан хэмээдэг. Романаа бичиж дуусгахын тулд Сэлинжер хотын захын дүүрэгт өрөө түрээслэж аваад ганцаар амьдрах болжээ. 1951 онд хэвлэгдсэн 'Хөх тариан талбайн ирмэгт' роман нь түүнийг эхлээд АНУ-д, дараа нь дэлхий даяар нэр алдартай болгосон юм. 1965 онд 'Хэпворт 16, 1924' нэртэй тууж нь хэвлэгдсэнээс хойш Сэлинжер нэг ч зохиолоо хэвлүүлээгүй байна. Хэдийгээр тэр дуугаа хамхисан ч хамгийн их уншигддаг зохиолчдын нэг хэвээр үлджээ. Түүний бүтээлүүд дэлхий даяар олон сая ширхэгээр хэвлэгдсэн хэвээр байгаа билээ.