Кафка Франц

Франц Кафка (Герман: Franz Kafka; 1883 оны 7 сарын 3 – 1924 оны 6 сарын 3) нь XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч юм.

Тэрээр Чехийн Праг хотноо худалдаачин еврейн гэр бүлд төрсөн. Эх нь эрдэмт раббайн гаралтай, эцэг нь мал нядлагчийн хүү байжээ. Кафка гимнази сургуулийг төгсөөд 1901-1905 онд Прагт хууль зүйн ангид суралцаж байхдаа урлагийн түүх, герман хэл шинжлэлийн лекц давхар сонсож, 1907 онд хувийн даатгалын компанид ажилд оржээ. 1917 онд уушгины сүреэгээр өвдөж, 1922 онд тэтгэвэрт гарсан ба 1923 онд багаасаа хүсэж мөрөөдөж байсан "орголтоо" хийж Берлинд очоод чөлөөт зохиолчийн журмаар суужээ. Удалгүй бие нь муудаж, улмаар 1924 оны 6 сарын 3-д Венийн ойролцоох Кирленг сувиллын газар нас барсан. Тэрбээр хэзээ ч гэрлэж байгаагүй аж.

Амьд ахуйдаа өөрийн найз О. Поллак, Х. Хессе, Т. Манн, Б. Брехт, М. Брод нарын шахалтаар Ажиглалт зэрэг 8 богино өгүүллэгийн түүвэр, мөн Галч, Хувирал зэрэг цөөн хэдэн зохиолоо л хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Энэ нь ч түүнд утга зохиолын ертөнцөд чамлахааргүй байр суурь авчирчээ. Гэхдээ л Кафка өөрийн зохиолыг бусдын хүртээл болгох тун дургүй байсан гэдэг.

Нас барахынхаа өмнөхөн 1922 онд найз Макс Броддоо өөрийн бүх бүтээлүүдийг устгахыг захиас болгон гэрээслэл үлдээсэн боловч Брод нь Үйл явц (1926), Америк (1927), Шүүх ажиллагаа, Цайз гээд бүх зохиолыг нь хэвлүүлснээр арга барил, дүр, өнгө аяс агуулгын шинэчлэлээрээ өрнө дахины үзэл нэгт зохиолч нөхдийнхөө уран бүтээлд гүн гүнзгий нөлөө үзүүлж, Европт ихэд хүчээ авч асан модернизм жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлж, улмаар нэгэн хүчирхэг эх сурвалж нь болсон юм.