Дорждагва Тогоочийн

Чонос овогтой Тогоочийн Дорждагва 1953 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн. МУИС-ийн биологийн салбар (1976 он), Киевийн УИС-ийн Философийн факультетийн докторантурыг (1987 он) тус тус дүүргэсэн. Философийн ухааны доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор. БНХАУ-ын ӨМӨ3О-ны Багшийн их сургуулийн хүндэт профессор. Монголын соёл судлалын холбооны тэргүүн. Философи, соёлын философи, соёл судлал, гадаад хэлний чиглэлээр бусадтай хамтарч буюу дангаар 40 гаруй монографи, сурах бичиг, гарын авлага, товхимол, 100 гаруй өгүүллийг гадаад, дотоод хэл дээр хэвлүүлж, олон арван илтгэл хэлэлцүүлснээс гадна олон улсын чанартай 6 төслийн удирдагчаар ажиллаж, Соёл судлаачдын үндэсний 7 удаагийн семинарыг нөхдийнхөө хамт санаачлан зохион байгуулсан. 1976-1984 онд МУИС-ийн Философийн тэнхимд багш, 1987-1990 онд ДТДБУХ, ШУТДБУХ, Боловсролын яаманд Нийгмийн ухааны зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1990-1996 онд СУИС-д тэнхмийн эрхлэгч, декан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996 онд Гэгээрлийн яамны Соёлын хэлтсийн дарга, 1996-2000 онд Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ТЗУГ-ын дарга, 2000-2002 онд 'Шинэ үе' дээд сургуулийн захирал, 2002-2005 онд МУИС-ийн Философийн тэнхимд профессор, 2005-2009 онд тус тэнхмийн эрхлэгч, 2008 оноос тэргүүлэх профессороор тус тус ажиллаж байна. ОХУ-д философи, соёл судлал, Япон улсад ЗГ-ын хүний нөөц, Энэтхэг улсад удирдлагын хөгжил, Япон, БНСУ-д биет бус соёлын өвийн чиглэлээр, ХБНГУ-д бус нутгийн хөгжил, соёлын бодлого, төрийн нарийн бичгийн даргын сургалтанд тус тус хамрагджээ.