Брук Питер

Өнгөрсөн зуунд урлаг судлаачид, сэтгүүлчдийн анхааралд Питер Брук шиг өртсөн хүн байхгүй гэж үздэг ажээ. Сайн дурын уран сайханчдын театрт арван долоотой байх даа Марлогийн 'Фауст доктор', Ж.Коктогийн 'Тамын машин' жүжиг тавьж, тухайн үед их нэр хүндтэй байсан Барри Жексон найруулагчийн анхааралд анх өртсөнөөр их урлагийн ордны босго давах боломж нь нээгдсэн хэмээнэ. Питер Брук (Peter Stephen Paul Brook)- 1925 оны 3 сарын 21-нд Лондон хотод төрсөн. Оксфордын их сургуульд хэл судлалын оюутан болоод тун удаагуй 17-тойдоо дээр нэрлэсэн жүжгүүдийг тавьсанаар Шекспирийн нэрэмжит Бирменгемийн алдарт театрт Б.Шоугийн 'Эгэл хийгээд эгэлгүй хүмүүн' хэмээх тун ярвигтай жүжиг найруулах санал хүлээн авчээ. Жүжиг амжилттай болсноор дараа жил нь Барри Жексон Шекспирийн жүжгийг шинэ залуу найруулагчдын тусламжтай шинээр харж, шинээр тавих төсөл хэрэгжүүлэхдээ Питер Брукийг мөн урьсанаар Шекспирийн цуврал жүжиг тавих ажил эхэлжээ. Мөн Питер Брукийн уран бүтээлийн гарааны эхэн үедээ буюу 1947 онд тавьсан 'Ромео, Жульетта хоёр' жүжиг Их Британийн үзэгчдийг шуугиулж, шүүмжлэгч-судлаачдын дунд халуун маргаан дэгдээсэн хэмээн урлаг судлаачид өнөө хэр үнэлдэг ажээ. Питер Брукийн нэр алдар 1950-аад оны эхнээс Их Британийн эзэнт гүрний хүрээ хязгаараас хальж, Бельгийн үндэсний театр, Франц, Нью-Йоркийн театрт уригдан жүжиг тавих болсон байна. Тайзны урлаачийн хувьд тэрээр шинэ сэргэгийн эрэлд байнга хатаж байсан бөгөөд 1963 онд 'хатуу харгис театр' хэмээх санааг туршиж эхлэн хэд хэдэн жүжиг тавьжээ. Түүний энэ үеийн оролдлогыг урлаг судлаачид онцлон авч үздэг юм. Ер нь Питер Брук 1971 он хүртэл драмын тавин долоон жүжиг, долоон дуурь, таван теле жүжиг найруулжээ. Мөн түүнчлэн өөрөө ном зохиол бичихээс гадна Ежи Гротовски, Петер Вайс, Майкл Уэрр зэрэг олон хүний номонд өмнөх үг бичсэн ажээ. Театр, киноны найруулагч Ж.Л.Баррогийн санаачлагаар 1968 онд Лондон хотын 'Раундхаус' ордонд олон орны жүжигчдийг урьж оролцуулан Шекспирийн зохиолоос сэдэвлэн тавьсан тоглолтын еренхий найруулагчаар Питер Брук ажилласан нь түүнийг олон улсын мэргэжлийн хүрээнд хулээн зөвшөөрсөн үйл явдал болжээ. Үүнээс хойш тун удаагуй байхад НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ийн дэргэд Олон улсын театр судлалын төв Парис хотод байгуулагдахад захирлаар уригдан ажиллах болсон нь ч үүний нотлогоо мөн биз. 1973-1974 онд АНУ-д уригдан ажиллаж байгаад 1974 оноос Парис хотод байнга суух болжээ. 'The Empty Space' (Хоосон орон зай) New York: Discus Books, 1968 (олон хэлэнд хөрвүүлэгдэн олон удаа хэвлэгдсэн): 'The Shifting Point' (Төөрөн эргэлдэгч цэг): 1946-1987. New York: Harper & Row, 1987: 'The Open Door: Thoughts on Acting and Theatre' (Нээлттэй хаалга буюу жүжигчний урлал, театрын тухай зарим санаа'). New York: Parthenon Books, 1993: 'Threads of Time: Recollections. ' (Цаг хугацааны хэлхээ) Washington: Counterpoint, 1998 зэрэг ном бичиж хэвлүүлсэн театрын онолч бол Питер Брук юм.