Рот Вероника

Америкийн зохиолч, богино өгүүллэг туурвигч Вероника Рот 1988 оны 8-р сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотод зураач Барбара Росс гэх эмэгтэйн бага охин болон мэндэлжээ. Зохиолчийг 5 настай байхад нь эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ээж нь Франк Росс гэх эртэй дахин гэр бүл зохиожээ. Рот Баррингтоны ахлах сургуулийг төгссөний дараа Карлетон коллежид нэг жил суралцсан бөгөөд дараа нь Нортвестерн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсжээ. Түүний гурвалсан зохиол болох 'Divergent', 'Insurgent', 'Allegient' нь Ротын нэр хүндийг өндөрт өргөснөөс гадна түүнд олон шагнал, ихээхэн хэмжээний ашгийг авчирсан байна. Түүний анхны ном болох Divergent-ийг 2011 онд Goodreads сайтын уншигчдын хамгийн дуртай номоор нэрлэсэн ба 2012 онд Рот шинжлэх ухааны зөгнөлт зохиол бичигч шилдэг залуу зохиолчоор шалгарсан билээ. Рот их сургуулийн 2-р дамжаанд суралцаж байхдаа өвлийнхөө амралтаар анхны ном болох 'Divergent'-ийг бичсэн нь тэр даруйдаа амжилтанд хүрч, сургуулиа төгсөхөөсөө өмнө зохиогчийн эрхээ зарж чадсан байна. 'Divergent' 2011 оны 4-р сард хэвлэгдсэн бөгөөд Саммит Энтертайнмент компани ном нь хэвлэгдэхээс сар гаруйн өмнө Ротоос кино хийх зөвшөөрлийг худалдан авсан байлаа. Ингээд 'Divergent' киноны зураг авалт 2013 оны 4-р сард эхэлж, 2014 оны 3-р сард дэлгэцэнд гарсан юм. Үүний дараа Лионсгейт 'Insurgent' цувралаар нь кино хийхээр албан ёсны зөвшөөрлийг нь авч 2015 оны 3-р сард киноны нээлтийг хийжээ. Зохиолын 3 дахь цуврал болох 'Allegient'-ийг 2 бүлэг болгон кино хийхээр төлөвлөж байгаагаа Саммит Энтертайнмент мэдэгдсэн бөгөөд 1-р хэсэг нь 2016 оны 3-р сарын 18-нд, 2-р хэсэг нь 2017 оны 3-р сарын 24-нд тус тус нээлтээ хийхэд бэлэн болно хэмээжээ. Өдгөө тэрээр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч болсон Рот Нелсон Фич хэмээх зурагчин залуутай гэр бүл болсон ба одоо Чикагод амьдарч байна.