Вольтер

XVIII зууны үеийн Францын философич Вольтер (фр. Voltaire)-ын жинхэнэ нэр нь Франсуа-Мари Аруэ (фр. François-Marie Arouet) юм. Таван наснаа шүлэг бичсэн тэрээр хамаатныхаа нэгэн ламаар бичиг үсэг заалгаж, 10 наснаасаа эхлэн иезуитийн нэр хүндтэй коллежид дөрвөн жил гарамгай сайн суралцан, удаа дараа шагнуулж байлаа. Нотариатч эцэг нь түүгээр өөрийн ажлыг залгамжлуулах гэсэн боловч Вольтер зохиолч болохоор хатуу шийджээ.Тун хөдөлгөөнтэй, үзэл бодлын хувьд чөлөөтэй нэгэн тул 21 насандаа аль хэдийнээ гянданд суугаад үзчихсэн байв. Шоронд байхдаа "Эдип" хэмээх эмгэнэлт жүжиг, "Хенриада" хэмээх найраглал бичжээ. Шоронгоос гарсны дараа дээрх жүжгээ анх Аруэ дэ Вольтер (Voltaire) нэрээр гаргасан гэдэг. зарим эх сурвалж энэ овог түүний эхийн төрсөн нутаг Эр-Во (францаар "вольт" гэж бичигдэнэ)гэсэн нэрээс гаралтай гэдэг бол бас le jeune (бага) гэдэг үгэнд ордог үсгүүдийг өөрийнхөө овогт шингээснээр ийм нэр үүсгэсэн ч хэмээлцэх нь бий.

Ер бусын ажилч хичээнгүй Вольтер гүн ухаан олон талт ажлаас гадна утга зохиолын бүхий л төрөл зүйлээр авьяасаа сорьсон юм. Тухайн үедээ гоц хүн байсан тул ихэс дээдэс түүнтэй тун болгоомжтой харьцдаг байжээ. Францын ван XV Людвиг Вольтерт гүн хүндэтгэл үзүүлдэг, XIV пап Бенедикт бэлэг сэлт ирүүлдэг, Оросын II Екатерина түүнтэй захидлаар харилцдаг,Пруссын II Фридрих ван бүр шүтэн биширдэг байсан аж. Вольтер их ван Фридрихд "Эрхэм дээдэс" гэж бус,"Эрхэм хүн та" гэж ханддаг байсан бөгөөд вантан ч Вольтер: - Хэрэв би Францад очвол хамгийн түрүүнд "Вольтер хаа байна?" гэж асуух болно. Ван ч, ордон ч, Парис ч, Версаль ч, эмэгтэйчүүд ч, зугаа цэнгэл ч, найр наадам ч надад сонин биш. Зөвхөн та л надад гойд санагддаг гэж хэлж асан удаатай. Гэвч Вольтер шударга хүн байсан тул харгис, балмад, хэмжээгүй эрхт чөлөө, шашин шүтлэгээ сонгох боломж, чөлөөт худалдааг тууштай дэмжин сурталчилдаг байв. нийгмийн шинэчлэлийн төлөөх үзэл, хурц ухаан, гашуун үгнээсээ болоод их эрдэмтэн насан туршаа нэг газар суурьшин амьдрах бололцоогүй, хөөгдөн цагаачилж явсан билээ.

1746 онд Францын шинжлэх ухааны академид сонгогдсоных нь дараа XV Людвиг Вольтерыг өөрийнхөө түүхчээр томилжээ. Энэ үед л тэрээр " түүхийн философи" хэмээх нэр томьёог бий болгосон гэдэг.

1758 онд сая өөрийн гэх гэр оронтой болсон бөгөөд энэ нь аюулгүй байдлын үүднээс Швейцарын хил орчимд худалдан авсан Ферне хэмээх цайз байв. Тэнд амьдралынх нь сүүлийн 20 жил өнгөрсөн юм. Уг цайз бэх хаалгатайн дээр аюулыг мэдэгдэх дохиололтой, тэр нь хөрш цагдаагийн хэсэгт дуугардаг байжээ. Өдгөө тэр бяцхан хот их эрдэмтний дурсгалд зориулагдан Ферне-Вольтер хэмээн нэрлэгдэж байна.

Вольтер "Философийн захидлууд", "Орлеаны онгон бүсгүй", "Метафизикийн номлол", "Ньютоны философийн үндсүүд", "Лиссабоны сүйрэл буюу Бүх юм сайхан хэмээх аксиомыг шалгахуй" зэрэг олон бүтээл туурлиснаас "Задиг буюу хувь заяа", "Жамаараа яваа ертөнц буюу Бабукын эргэцүүлэл", "Кандид буюу өөдрөг үзэл" зохиолууд нь монгол хэлээр "Жамаараа яваа ертөнц" (1990. УБ. орч.Т.Төмөрхүлэг) хэмээх ном болон гарсан юм. Монгол хэлээр уран тансаг найруулсан, мөнхүү зохиолыг олж уншсанаар та ертөнцийн ааш аягийн талаархи, Гэгээрлийн зууны шилдэг философичийн үзэл баримтлалтай танилцах болно.

Вольтерын хэлсэн онч мэргэн үгсээс дараах тавыг хамгийн их түгсэн, хамгийн алдартай нь гэж үздэг:

  1. Гойдын шилдэг зүйл бол сайн зүйлсийн дайсан.
  2. Бүтээгч эзэн гэж огтоос үгүй байсан ч, түүнийг бодож олцгоох л байсан.
  3. Аугаа их ухаантнууд л өөр хоорондоо нийлж тохирдог.
  4. Эзэн минь, намайг найз нөхдөөс ангижруулан аварч хайрла. Дайснуудтайгаа бол би өөрөө учраа олчихно.
  5. Анхны алхам л хамгаас хэцүү.

Вольтер дөрвөн жил хэртэй эзгүй байсны эцэст 1778 оны хавар Парист иржээ. Жирийн олныг өмгөөлдөг суут мэргэн буцаж ирсэн явдалд ард түмний хувьд баярт үйл явдал болсон юм. Түүнийг цэцгээр дарж, жүжгүүдийг нь театруудад тоглож, бүр хөшөөг нь босгож байжээ. Гоочлогдож гадуурхагдаад дасчихсан өвгөн гэнэтийн энэ их хүндлэлд балмагдсан нь мэдээж бөгөөд тун удалгүй амьсгал хураажээ. амьдад нь түүний салхин доогуур ч гардаггүй байсан шашныхан шарилыг нь сүйх тэргээр Шампань муж руу аваачин оршуулсан гэдэг. Хожим нь Парисын их хамба тэрс үзэлтнийг ариун газар байлгахыг хориглосон захирамж гаргаснаар шарилыг нь чандарлан Пантеон дахь Руссогийн булшны хажууд ёс төртэйгөөр шилжүүлсэн байна. Түүнийг багад нь зурхайчид 32 насандаа амь үрэгдэнэ гэж урьдчилан хэлсэн ч 60 насалсан тул Вольтер зурхайчдыг шоолсон памфлет бичиж байв. Гэхдээ тэднийг ийн шоолох нь илүү зүйл байсан юм. Учир нь Вольтер 32-тойдоо нэгэн тайжтай муудалцан, цаадхи нь ирүүлд дуудсан аж. Гүн ухаантны хувьд сэлэм барина гэдэг үзэг барихтай даанч зүйрлэшгүй хэрэг тул үхэх нь гарцаагүй болчихоод байж. Гэтэл халз тулалдахын урьд шөнө мань эр тэрс үзлийнхээ улмаас баривчлагдан шоронд орсон гэдэг. Өдгөө Женевт Вольтерын музей гэж байдаг бөгөөд тэнд түүний нэрээр овоглогдсон институт, судалгааны томоохон хүрээлэн ажилладаг. Францын Үндэсний номын санд түүний барималыг хүндэтгэлтэйеэ залсан байх агаад сууринд нь суутны зүрхийг хадгалсан хайрцаг суулгасан гэнэ. "Вольтерын зүрх Францанд,үзэл санаа нь дэлхий даяар бий" хэмээх алдарт үгийн гогцоо энэ буюу. Үзэл бодол нь хэр зэрэг өргөн тархсан тухайд нэгэн сонин жишээг танд дуулгая. 1812 онд францын офицер Анри Бейль (Бид түүнийг их зохиолч Стендаль гэдэг нэрээр нь сайн мэднэ) Москвагийн нэгэн тайжийн ордноос Вольтерын зохиолуудыг олжээ. Гэвч Наполеоны арми ухрах үед ирээдүйн зохиолч арга буюу мөнөөх номуудаа цасан хунгар руу шидэж орхисон гэдэг. -Уг нь Вольтер "Хүмүүс хэдийчинээ гэгээрнэ, тэр чинээгээр эрх чөлөөг олно" гэж сургасан, харин хүмүүст "Чи хэдийчинээ эрх чөлөөтэй байх тусмаа төдийчинээ гэгээрэн" гээд ойлгуулчихжээ гэсэн үг бий. Магадгүй түүний үгийг буруу зөрүү дамжуулсан тохиолдол бусад сэтгэгчийнхтэй харьцуулахад хавьгүй олон болоод тэгсэн биз ээ.