Хомер

Хомер (Грек: Ὅμηρος Hómēros) бол өрнөдөд төдийгүй дэлхий дахинд алдаршсан Илионы дуулал, Одиссейн дуулал хэмээх гайхамшигт хоёр туульсыг зохиогч гэж эрт цагаас үзсээр ирсэн, эртний Грекийн домогт яруу найрагч.

Энэ цуут найрагчийн цадиг намтар нь огт мэдэгдээгүй балархай тул ерөөс Хомер гэгч түүхэн хүн мөн үү, биш үү гэдэг асуудал ч гарч, эрдэмтэн судлаачид маргалдсаар ирсэн юм.

Эртний Грекийн үед дээрхи хоёр их бүтээлийг Хомер гэгч суут найрагч туурвисан гэдэгт хэн ч эргэлздэггүй байжээ. Гэвч бас хэн ч түүний намтар, тэр бүү хэл, аж төрөл асан цаг үеийг нь ч мэддэггүй байсан аж. Ийм ч учраас хожуу үед Грекийн найман хот Хомерийн төрсөн хот болох гэж хоорондоо маргалдаж байсан гэдэг. Нэлээд сүүл хэрд хамаарах Хомерийн найман зүйл намтар үлдэж хоцорсон боловч зохиогчид нь нотлох баримтад тулгуурласан бус, голдуу уран сэтгэмж, хувийн таамгаар бичсэн тул итгэж үнэмших аргагүйн дээр, зарим нь бүр илт зохиомол зүйл байдаг. Зарим цадигт Хомерийг бүр тэнгэр нараас гаралтай болгож бичсэн нь бий.

Хомерийн амьдрал, түүний зохиосон гэж үзсээр ирсэн Илионы дуулал, Одиссейн дуулал хоёр найраглалын зохиогчийн тухай асуудлыг XIX зууны зааг үеэс шинжлэх ухааны үүднээс нарийн судалж эхэлсэн байна. Энэ хоёр найраглалыг НТӨ VI зууны үед Писистрат хааны зарлигаар Афина тэнгэрийн баярын үеэр олонд хайлан уншиж байх зорилгоор туульч нараар хэлүүлж, эмхлэн цуглуулж авсан аж. Энэ бичмэл эхийг Хомерийн зохиол хэмээн үзсээр XVII зууны үе хүрсэн байна.