Клинтон Хилари Родхэм

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий, АНУ-ын 67 дахь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хилари Клинтон 1947 оны 10-р сарын 26-нд Иллинойс мужийн Чикаго хотод төржээ. Багын сурлага сайтай, төрөл бүрийн спортоор хичээллэдэг, шилдэг сурагч байсан Хилари ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Уэллсли коллежид элсэн орж улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцжээ. 1973 онд Иелийн Хуулийн сургуулийг төгссөнийхөө дараа Массачусетс мужийн Кембридж хотод шинээр байгуулагдсан 'Хүүхэд хамгаалах сан'-д өмгөөлөгч, 'Карнеги' орон нутгийн хүүхдийн байгууллагад зөвлөхөөр ажиллаж байгаад 1975 онд Билл Клинтонтой гэр бүл болж, Арканзаст амьдрах болжээ. Ингээд Арканзасын их сургуулийн Хуулийн сургуулийн хоёрхон эмэгтэй багшийн нэг нь болж, эрүүгийн эрхзүй заах болов. Мөн Арканзасын гэр бүл, хүүхдийг хамгаалах төвийг үүсгэн байгуулалцаж, Рөүз хуулийн фирмийн анхны эмэгтэй хуульчаар ажиллах болсон ба АНУ-ын Хуульзүйн үндэсний сэтгүүлээс түүнийг Америкийн хамгийн нөлөө бүхий 100 хуульчийн жагсаалтад хоёр ч удаа тодруулж байв. Ингээд 1993-2001 онд АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж, энэ хугацаандаа гэр бүл, хүүхэд хамгаалалтай холбоотой олон төсөл дээр ажиллаж байлаа. 2000 онд Нью-Йорк муж руу шилжсэнийхээ дараагаар анхны эмэгтэй сенатчаар сонгогдож, ерөнхийлөгч Бушийн удирдлага дор гадаад бодлогын асуудал хариуцан ажиллаж байсан ба 9-р сарын 11-ний гэмт халдлагатай холбоотойгоор Иракийн дайны асуудалд хүртэл гар бие оролцон ажиллах болжээ. Хилари Клинтон 2006 онд дахин сенатчаар сонгогдсон бөгөөд 2009-2013 оны хооронд Обамагийн засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр хэд хэдэн ном бичсэн бөгөөд 2003 онд 'Миний амьдралын түүх' ном нь хэвлэгдэж, сарын дотор нэг сая гаруй хувь борлогдсон ба 12 орны хэлээр орчуулагджээ. Энэхүү номны аудио хувилбар нь Гриммийн шагнал хүртсэн билээ. 2014 онд тэрээр дурсамжийн хоёр дахь ном болох 'Хэцүү сонголт' номоо хэвлүүлсэн бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байх үеийнхээ талаар өгүүлсэн эл бүтээл гарсан даруйдаа бестселлер болсон юм.