Инжаннаши Ванчинбалын

XIX зууны монголын уран зохиолд үргэлжилсэн үгийн том төрөл зүйлс, эртний уламжлалт товчисоос баримтат уран сайхны түүхэн романд шилжих зааг дээр гарч ирсэн нэрт зохиолч бол Ванчинбалын Инжаннаши юм. Тэрбээр улаагчин тахиа жилийн 4-р сарын 16-нд буюу 1837 оны 5-р сарын 31-нд Зостын чуулганы Түмэд баруун хошууны Шударга бат хороонд 'газрын эзний эзэмшил гэр хашаа' туслагч тайж Ванчинбалын долдугаар хүү болон төржээ. Тэрээр гэрийн боловсролтой, цэргийн эрдэмтэй, хятад, манж, төвд хэлтэй бичгийн хичээнгүй хүн болж төлөвшсөн юм. Түүнийг багад нь Хашчулуу гэдэг байжээ. Инжаннаши багын ухаан сэргэлэн, хичээнгүй хүүхэд байсан тул гадаад хэл бичиг сайн сурч, эцгийн цуглуулсан түүх, шастирын олон ном зохиолыг уншиж судалсан байна. Арван хэдэн наснаасаа шүлэг холбоо зохиож, авьяас билгээ тэтгэн дэлгэрүүлсэн байна. Мөн хүүхэд ахуй цагаа голдуу Шударга бат хороонд өнгөрөөхдөө тэр үеийн боловсролтой, язгуурлаг хүмүүсийн жишээгээр эртний улсын үлгэр түүх унших, цэц булаалдсан шүлэг холбоо зохиох, зураг зурах зэргээр зугаатай өнгөрүүлдэг байжээ. Тухайлбал, бага залуудаа орчин тойрныхоо байгаль нийгмийнхээ үзэгдлийг гярхай ажиглан дүрсэлсэн, 'Хөх хад', 'Сайхан хур', 'Өнгөт солонго шингэв', 'Цагаан үүл' зэрэг хэд хэдэн содон шүлэг бичжээ. Тайж Ванчинбалын хөвгүүдээс их хөвгүүн Гулиранса хэмээх гарамгай ярүу найрагч төрсөн бөгөөд тавдугаар хөвгүүн Гүнначүг, зургаадугаар хөвгүүн Сүнвэйданзан нар нь бичгийн өндөр боловсролтой шүлэгчид байжээ. Хорин хэдэн наснаасаа Инжаннаши хуурын үлгэр дууриалган зохиол бичихийн хамт харь хэлнээс ном судар орчуулж, утга зохиол түүх шастир, шүлэг найргийн талаар онолын шинж чанартай өгүүлэл бичиж байв. Энэ үед тухайлан дорнод монголчуудын дунд өргөн дэлгэрсэн бичгийн гаралтай үлгэрийн загвараар, 'Улаан өнгөтний нулимс' гэдэг зохиол бичиж, хятадын сонгодог уран зохиолоос орчуулж байв. Түүний амьд ахуй цагт түүний зохиол бүтээл хэвлэгдсэнгүй, зөвхөн гар бичмэлээр байсан тул төдий л өргөн цар хүрээтэй дэлгэрч чадсангүй. Харин өнгөрсөн зууны эхэн үеэс Инжаннашийн зохиол бүтээлийг хэвлэх, улмаар шинжлэн судлах ажил идэвхтэй өрнөж, ялангуяа сүүлийн үед олон арван өгүүлэл, шүлэг зохиолын эмхэтгэл, судалгааны зохиолууд монгол, орос, англи, герман хэлээр бичигдсэн нь, түүний уран бүтээлийг нарийвчлан үзэх боломжийг бүрдүүлсэн байна. Түүний гучин насны үеэс ахуй амьдрал нь доройтож, хоол хүнс ховордож, тариа ургац алдаж, дээр нь охин хүүхдээ алдсан зэрэг золгүй явдал тохиолдож байв. Инжаннаши ийнхүү ард түмний ахуй амьдрал доройтож буй болон хар тамхины гай гамшгийг шударгаар шүүмжилж, 'Тэр цаг дор гэмшивч талаар хоцрох тул бийр бэхсийн цэнгэлд шунажухуй' гэж Хөх судар романыхаа оршил өгүүлэлд бичсэн ажээ. Инжаннаши цаашдаа амьдралын зовлон зүдүүр, нийгмийн дарамтанд автагдсангүй, харин ч түүнийг хүчтэй сөрөн зогсож, зохиол бүтээлээ тууштай үргэлжлүүлэх шугам баримталж байжээ. Тэрбээр 34 насны үеэс эцгийн үүсгэсэн, 'Их Юань улсын мандсан төрийн Хөх судар' гэдэг түүхэн зохиолыг үргэлжлүүлэн бичсэн нь санамсаргүй тохиолдлын зүйл биш байв. Мөн 'Нэгэн давхар асар', 'Улаанаа уйлах танхим', 'Хөх судар' зэрэг түүх уран зохиолын бүтээлүүдийг туурвисны дээр олон арван шүлэг өгүүлэл, тэмдэглэл бичиж, үлгэр түүх орчуулсан байна. Зохиолч Инжаннаши уран бүтээлийнхээ эрийн цээнд хүрсэн 56 насандаа хар луу жилийн цагаан сарын 27-нд буюу 1892 оны 2 дугаар сарын 25-нд Жин жү хот дахь Оточийн сүмд нас нөгчжээ.