Фёдор М. Достоевский

Фёдор Михайлович Достоевский 1821 оны 11-р сарын 11-нд Москвад ядуу эмчийн гэрт төржээ. Түүнийг 3 настай байхад нь асрагч эх нь үлгэр, доиог, баатарлаг туульс уншиж өгдөг байсан учраас багаасаа уран зохиолд дурлаж өссөн байна. Ээж нь түүнийг 4 нас хүрэхэд нь Библийн судраас уншуулж, бичүүлж сургасан учир хүүхэд ахуй цагаасаа Карамзин, Пушкин зэрэг Оросын уран зохиолын нэрт төлөөлөгчид, Анна Радклиф зэрэг зөгнөлт-аймшгийн зохиолчид, Шиллер, Гётегийн романтик зохиолууд, Сервантес, Вальтер Скоттын баатарлаг туужууд, Хомерын туульсыг уншиж өсчээ. 

Достоевский 20 орчим наснаасаа эхлэн зохиол бичиж эхэлсэн бөгөөд анхны зохиол болох баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан Ядуу хүмүүс туужаа 1846 онд 25 настайдаа хэвлүүлсэн нь олны анхаарлыг татаж, нэрт утга зохиол шүүмжлэгч В.Г.Белинскийн бичсэнээр энэ бүтээл нь "нийгмийн амьдралыг харуулсан Оросын анхны роман" болжээ. Үүний дараа тэрээр Эзэгтэй, Цагаан шөнө зэрэг хэд хэдэн өгүүллэг, тууж бичсэн ч төдийлөн амжилт олсонгүй. 1846 онд Достоевский Францын гүн ухаантан Ш.Фурьегийн сургаалийг баримтлагч М.Петрашавескийн дугуйланд элсэн орсон бөгөөд 1848 онд Францад хувьсгал гарч, хэмжээгүй эрхт төрийг түлхэн унагахад бачимдаж сандарсан I Николай хаан дугуйлангийн 23 залууг хувьсгалт ардчилсан үзэл суртчилсан хэмээн баривчилсны дотор Ф.М.Достоевский орж, Петропавловын гянданд хоригджээ. Энэ үед тэднийг шүүхээс цаазлах ял оноосон болж жүжиглэсэн агаад үүний улмаас тэдний дунд байсан Николай Григорьев хэмээх нэгэн залуу галзуурчээ. Энэ нь түүний Маанаг хэмээх бүтээлээ туурвих санаа болж өгсөн гэдэг. Ийнхүү шоронгийн 4 жилийг арайхийн бартал хязгаар нутгийн Семипалатинск хотод цэрэгт явуулсан байна. Достоевский 10 гаруй жилээ шорон гяндан, цэргийн хүнд хүчир албанд үрээд, 1859 онд Петербургт буцаж иржээ. 1861 онд Хаант засгийн дэглэмд нухчигдан дарлагдсан хүмүүсийн тухай Үхэгсдийн байшингаас бичсэн тэмдэглэл гэдэг зохиолоо туурвижээ. Энэ бүтээлийг И.С.Тургенев өндөр үнэлж, А.Дантегийн Там зохиолтой адилтгаж, А.И.Герцен, Микеланжелогийн урлан бүтээсэн Аймшигт залхаалт зурагтай жишсэн байдаг. Дараа нь нийгмийн хор хөнөөлийг олон түмний илчлэн харуулж, эрх чөлөө, тэгш байдлын төлөө нэгдэн нягтрахыг уриалсан Дорд үзэгдэгсэд, Гэмт хэрэг ба ял шийтгэл роман нь хэвлэгдэн гарч уншигч олны сэтгэл зүрхийг донсолгов. Хэдийгээр олонд нэртэй зохиолч болсон боловч гачигдал зовлон, ядуу зүдүү амьдралаас тэр гарч чадсангүй. 

1864 оны 4 сард эхнэр нь нас барж, 3 сарын дараа түүний ах Михайл нас барав. Гэвч Ф.М.Достоевский гачигдал зовлонд бууж өгсөнгүй, шамдан ажиллаж, Тоглоомчин, Маанаг, Чөтгөр шулмас шиг амьтад зэрэг хэд хэдэн зохиол бичжээ. Өөрийн нэг насны үйл хэрэг гэж үзэж байсан туульсын романаа жаран насныхаа босгон дээр бичиж эхэлсэн ба зохиолын эхний дэвтэр нь Ах дүү Карамазов нэрээр 1880 онд хэвлэгдсэн боловч дараачийн дэвтрийг нь бичиж амжилгүй гэнэт нас баржээ. Ф.М.Достоевский бол нийгмийн амьдралыг маш нарийн дүрслэн харуулж чаддаг, сэтгэлзүйн роман, зохиолоороо дэлхийд нэрд гарсан онцгой авьяастан байсан гэж олон үеийн утга зохиол судлаачид нэгэн саналтай үнэлдэг юм.