Жаргалсайхан Цамбын

Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрж өссөн. 1972 онд Архангай аймагт Багшийн сургууль, 1987 онд ЗХУ-д Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийг төгссөн. Багш, соёл-гэгээрлийн ажлын зохион байгуулагч, арга зүйч мэргэжилтэй. Одонт хороо (05-р анги)-нд цэргийн албыг 3 жил хаасан. Говь-Алтайн Шарга, Баян-Уул сумд багш, Баян-Уул сумын намын үүрийн соёлын ажил хариуцсан орлогч, аймгийн Соёлын хэлтсийн дарга, 1990-2013 онд Засгийн газрын дэргэдэх Соёл, урлагийн хөгжлийн хороо, Соёлын яам, Гэгээрлийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Соёл, урлагийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тасаг, хэлтэс, газрын дарга, дэд дарга, ахлах мэргэжилтнээр тасралтгүй ажилласан. Улсын их хурлаар баталсан Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, Соёлын биет бус өвийг хамгаалах тухай, Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-гийн конвенцид Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийн эх зохиогч, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлсэн 'Ардын уламжлалт урлагийг дэмжих нь', 'Морин хуур, уртын дуу', 'Монгол хөөмий', 'Монголын уламжлалт бүжиг- бий, биелгээ', 'Монгол тууль' үндэсний хөтөлбөр зэрэг бодлого шийдвэрийн олон төсөл, баримт бичиг боловсруулжээ. 'Соёл урлаг шинэ нөхцөлд' 7 цуврал эмхэтгэл, 'Ардын уламжлалт урлаг-XXI зуунд', 'Соёл урлаг хүний хөгжил', 'Миний тэмдэглэл', 'Соёлын төвийн үүсэл хөгжилт', 'Соёлын лавлах товчоон', 'Соёлын биет бус өвийн нэвтэрхий толь' зэрэг ном бичиж хэвлүүлсэн. Үндэсний болон олон улсын хэмжээний соёл урлагийн 100 гаруй ажлын удирдамж боловсруулж, зохион байгуулах хороо, комисст ажиллажээ. Соёл судлалын ухааны магистр, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор. Алтан гадас одон, ойн медалиуд, 'Соёлын тэргүүний ажилтан' цол тэмдгээр шагнагдсан.